“Ковид-19” биднийг, хүн төрөлхтнийг олон талаар шалгалаа. Одоо ч шалгалт үргэлжилсээр. Хэн хүнгүй ойлголт, ухаан, ухамсар, тэсвэр, тэвчээр, улмаар үзэл бодлоо ч шинжүүлсээр байна гэлтэй. Өвдсөн нь илт, шинжилгээнийх нь хариу эерэг гарсан ч ажлаа тасалж, цалингаа хасуулахгүй хэмээн гүрийсээр бусдад халдвар тарааж явсан нь байв. Өдөрт илэрч буй халдвар авсан хүний тоо цөөрсөөр байгаа нь нэг талаар сайн ч, нөгөө талаар эргэлзээтэй. Яагаад гэхээр хүмүүс шинж тэмдэг илэрсэн ч шинжилгээ өгөхөө больсон. Хувиа бодсон хэрэг. Гэтэл өөрийгөө хамгаалахын сацуу өрөөлд санаа тавьж, болгоомжлуулан, сэрэмжлүүлж буй хүн олон. Зөвхөн үүнээс аваад үзэхэд л “Ковид-19” нь нийтийг хамарсан, бүх талаар хямруулсан нийгмийн өвчин болох нь батлагдаж буй гэхээр. Үүний хүрээнд салбар, салбарт бүдэг байсан зүйлүүд тодрох ч шиг. Тухайлбал монгол эм, тангийн тухай ойлголт, мэдлэг, хандлага олон нийтийн дунд төдийгүй, анагаах, улмаар эрүүл мэндийн салбарынхны хувьд ч өөр, өөр байсаар ажгуу. Иргэдийн дунд “Хүмүүс эмийн сангаас тан дураараа авч уугаад байх юм. Болдог юм уу. Эмийн сангийнхан антибиотекийг эмчийн жоргүй өгөхгүй гэх атлаа танг хэд л бол хэдэн уутаар нь өгөөд байх юм” гэсэн ярианаас үүдэн, энд ямар учир байдаг талаар бага боловч тандав.
Тан хэмээх уламжлалт анагаах ухааны эмийн талаар өмнөхөөс ахисан түвшинд авч үзэх шаардлага тулгарч байх шиг. “Ковид-19”-өөр өвдсөн хүмүүст зарим эмнэлэг, эмч тан уулгаж байхад олонх нь зөвшөөрдөггүй. Өнгөрсөн хавар коронавирусийн халдвараар өвдөөд Яармагт байдаг Эх, нярай, эмэгтэйчүүдийн төвд эмчлүүлсэн иргэнд тан уулгаагүй аж. Эмчээс “Бусад эмнэлэгт өгөөд байна, энд яагаад уулгахгүй байгаа юм бэ” гэж асуухад “Тан уулгана гэсэн заалт байхгүй” гэжээ. Мөн энэ оны долдугаар сард ХӨСҮТ-д хэвтэж эмчлүүлсэн хүмүүсээс лавлахад мөн ингэж хэлээд тан уулгаагүй гэж байсан. Гэтэл өрхийн эмнэлгүүдийн олонх нь эмчилгээний багцад “Норов 7”, “Мана 4” болон бусад цэцэг, ургамлын нэртэй тан өгсөөр ирсэн. Уламжлалт анагаах ухаанд сүсэглэдэггүй гэдэг хүмүүс ч тан уусаар байгаа юм. Тэд бүгд эдгэсэн бөгөөд тангаас үүдсэн элдэв гаж үр дагавар одоохондоо сонсогдоогүй байна.
Анагаах ухааны европ чиг баримжаад суурилан хөгжүүлж ирсэн эрүүл мэндийн салбарынхан, эмнэлгүүд, эмч нар монгол эм, танг практикт яагаад хүлээн зөвшөөрдөггүй вэ. Судлаагүй болохоор мэддэггүй юү. Аль эсвэл монгол эм, тан нь анагаах чадвараар тааруу эд гэдгийг анддаггүй болохоор эмчлүүлэгсдэдээ зөвлөдөггүй юү. Хэрвээ тийм бол энэ талаар ил тодоор яагаад хэлдэггүй, мэдээлдэггүй юм бол. Тангийн талаарх ойлголт, мэдлэг, хандлага анагаах ухааны салбарынхан дунд, тэр дундаа эмч нарын хувьд хэдий болтол тэнгэр, газар мэт зөрүүтэй байх юм бол. Цаашид ч “Өвчтөний болон ар гэрийнхнийх нь сонголт шүү дээ. Өөрсдөө л мэд” гэсээр байх уу. Үгүй юм бол европ арга барилтай эмч нар, доктор, профессорууд ч анагаах монгол уламжлалт ухаан, арга барилын гол “зэвсэг” тангийн талаарх ойлголт, мэдлэгээ нэмж, хандлагаа зүгшрүүлж, эмчлүүлэгсдэд ханатай, голтой мэдээлэл өгч байхад одооноос бэлтгэмээр юм. Өвчтөнүүд бол эмчийн үг, амыг, өөрөөр хэлбэл, оношилгоо, эмчилгээ, тактикт л захирагдана.
Монголын уламжлалт анагаахын оношилгоо, эмчилгээ мянга гаруй жилийн түүхтэй аж. Тэр үеэс л монголчууд эм, тан ууж эхэлсэн. Энэ нь эмчилгээний ургамлуудаар найруулан хийдэг уламжлалт бүтээгдэхүүн бөгөөд зарим эмийг 37 нэрийн ургамал болон бусад хольцоос гарган авдаг байна. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэс эхэлж уламжлалт анагаах ухааны чиглэлийн бүхий л үйл ажиллагааг хаасантай холбоотойгоор тухайн үеийн эмч нар болох ламд бараалхах, эм, тан залах нь хориотой болсон. Гэсэн ч “лам эмч” нар сүм, хийдэд нууцаар үзэж, оношлон, тан барьсаар байсан бөгөөд анагаахын шинжлэх ухааны энэхүү томоохон соёл амьтай, голтой байсаар ардчилсан нийгэмтэй золгосон түүхтэй. Монгол Улс ардчиллын замыг сонгосноор мартагдсан, орхигдсон, хүчээр таслан зогсоосон олон ч соёл эргэн сэргэсний нэг нь уламжлалт анагаах ухаан юм. Ц.Хайдав, Н.Төмөрбаатар, Б.Дагвацэрэн нарын олон эрдэмтэн 1990-ээд оноос уламжлалт анагаах ухааны ололтыг хүн ардын эрүүл энхийн төлөө зориулсаар 30-аад жил болоод буй юм. Үүнээс өмнө сүм, хийдэд л тан үйлдвэрлэж ирсэн бол нэр бүхий эрдэмтэд шавь нарын хамт зүтгэж ирснээр уламжлалт монгол эм, тангийн үйлдвэрүүдтэй болоод буй. Анхных нь бөгөөд өнөө ч хамгийн томд тооцогддог нь “Улаанбаатар” үйлдвэр юм билээ. Эдүгээ манай улсад энэ чиглэлийн том, жижиг 20-иод үйлдвэр байдаг юм байна. Эдгээрт 100 гаруй төрлийн эм үйлдвэрлэдэг.
Уламжлалт анагаахын чиглэлийн “Нууц увидас” эмнэлгийн ерөнхий эмч Ө.Тогтохоос хэдэн асуултад хариу авсан юм. Тэрбээр “Манайх “Улаанбаатар” эмийн үйлдвэрээс эм, тан авдаг. Өөрийн үйлдвэртэй болохоор зүтгэж л байна. Зөвшөөрөл авах амаргүй. Олон шалгуур давах ёстой. Таны нэр заан асууж буй “Норов 7”, “Мана 4” гэдэг тан бол маш сайн үйлчилгээтэй нь үнэн юм. Цус шингэлж, дархлаа дэмждэг. Өвдөхөө хүлээлгүй, өвчнөөс урьдчилан сэргийлэх журмаар ууж болно. Норов гэдэг нь эрдэнэ гэсэн үгнээс гаралтай. Ар үр, бар үр, жүр үр гэсэн ургамлын бүрэлдэхүүнтэй, дархлаа дэмжиж, эрүүлжүүлдэг эрдэнэ мэт үнэ цэнтэй эм. “Мана 4”-ийн найрлагад мана лидэр болон гандгар газаа багтдаг. Эрүүл мэндэд гаж нөлөөгүй, харин ч эсрэгээрээ эрүүлжүүлэх үр ашигтай нь хэдэн зуунаар батлагдсан ургамлын гаралтай эм. Эдгээрийн аль алинд малын болон чулууны гаралтай хольц байхгүй” хэмээв. Уламжлалт анагаах ухааны чиглэлийн эмч нар хүндээр өвчилсөн хүмүүст барьдаг өөрийн жорын эмтэй байдаг талаар сонсож байсан болохоор Ө.Тогтох эмчээс энэ тухай асуухад “Надад өөрийн жор бий. “Ковид-19”-өөр өвдөж, нэн хүндэрсэн хүмүүст барьж байна. Илаарьшсан хүн олон” гэж байлаа. Тэрбээр “Монголын уламжлалт анагаах ухааны эрдэмтдийн оюуны бүтээл арвин юм. 1990-ээд онд Эрүүл мэндийн яамны харьяанд Ардын эмнэлгийн хүрээлэн гэж зөвхөн судалгаа, шинжилгээ хийдэг, эм үйлдвэрлэдэг, эмчилгээ хийх хориотой байгууллага байсан. Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Дагвацэрэн захирлаар нь олон жил ажилласан. Тэднийхээс өнөөдөр уламжлалт анагаах ухааны чиглэлээр идэвхтэй, амжилттай ажиллаж байгаа олон арван эрдэмтэн, судлаач, эмзүйчид төрөн гарсан юм шүү дээ” гэв.
Манай улсад монгол эм, тангийн холбогдолтой 160 стандарт боловсруулан батлуулсан байдаг бөгөөд ингэснээр монгол эм, тан нь эх орондоо төдийгүй олон улсын жишиг, стандартад нийцсэн, чанар, аюулгүй байдал нь хангагдсан бүтээгдэхүүнд тооцогддог аж. Ингээд аваад үзэхэд “Ковид-19”-ийг эмчлэхэд сайн нөлөөтэй монгол эм, тангийнхаа талаар хаана, хаанаа ойлголт, мэдлэгээ нэгтгэж, зөвөөр хандах учиртай юм шиг. Эмийн сангаас жоргүйгээр авч ууж буй хүмүүсийг гайхах, хардах хэрэггүй юм байна. Харин ч дархлаагаа дэмжих, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд уух ёстой аж.
Монгол эм, танг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас уламжлалт эм хэмээх бүлэгт бүртгэдэг, МХЕГ-аас аюулгүй байдал талаас хянадаг юм байна. Одоогоос сарын өмнө нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас монгол, эм тангийн худалдаанд шалгалт хийхэд нэгэн иргэн их хэмжээгээр аваад, багаар савлан борлуулж байсан зөрчил илрүүлсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөлгүй этгээд гар дээрээс худалдаж байсан гэсэн үг. Тэгэхээр эмч зөвлөсөн л бол үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй, үйл ажиллагаа нь тогтворжсон эмнэлэг, эмийн сангаас монгол эм, тан жоргүйгээр авч ууж болох нь ээ.