Хөрөнгөөрөө төдийгүй оюун санаа, буяны үйлсээрээ дэлхийд тэргүүлэгч Билл Гэйтс оны сүүлчээр ирэх жилийн “зурхайг зурж” ойрын ирээдүйн талаар таамаглал дэвшүүлдгээрээ бас алдартай. Түүний таамаглаж буйгаар 2022 онд хүн төрөлхтөн шинэ коронавирусийг “цурам”-д нь оруулах магадлалтай. Ингэхдээ ирэх оны дунд үе гэхэд “Sars-cov-2” коронавирусийн тархалтын оргил үе тохиож, үүнээс цааш намжих төлөвтэй. Ямартай ч 2022 оноор энэхүү цар тахлын голомт болох бичил биет “сүүлээ мушгина” гэсэн байна. ХХI зууны эхэн үед хүн төрөлхтнийг айдаст автуулж, бүх үзүүлэлт, “амжилтаараа” зуун жилийн тэртээх “Испани ханиад”-ын үеийнхийг давсан шинэ коронавирусийн эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагаанд тэрбээр их хэмжээний санхүүжилтээр тусалж байгаа. “Билл, Мелинда Гейтс” сан санхүүжүүлдэг Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх инновацын холбоо (Coalition for еpidemic рreparedness innovations) “Ковид-19”-ийн эсрэг вакцины холимог болон нэмэлт дархлаажуулалтын эмнэл зүйн туршилтыг Тайванийн MVC компанитай хамтран хийхээр гэрээ байгуулсан бөгөөд урьдчилсан дүнг ирэх оны эхний улиралд гаргах аж.
Тэгвэл ирэх онд коронавирусийн тархалтыг үнэхээр зогсоож чадах уу, тархалтыг даамжруулахгүйн тулд юу анхаарах хэрэгтэй вэ, “Ковид-19”-ийг үүсгэгч нь цаашид “зүсээ хувиргах” болов уу, вакцинуудын нөлөөлөл хэр байх бол зэрэг олон асуултад зөн билгээр бус, шинжлэх ухааны туршилт, судалгаанд тулгуурлан олон улсын эрдэмтэн, шинжээчид юу өгүүлж байна вэ.
Юуны өмнө хойд хөршийн эрдэмтэд энэ цаг дор коронавирусийн болон шинэ хэлбэрүүдийнх нь тархалт, илрүүлэлт, халдварын талаар Сочи хотод хуралдаж байна. Гоц халдвар, тахлын эсрэг институтийн эрдэмтэн Алина Балинковагийн мэдээлснээр аливаа тахал бүрэн устана гэж байдаггүй. Өнөөгийн шинжлэх ухаанд танигдсанаар бол 250 гаруй төрлийн хөхтөн амьтан болон хачиг, бүүрэг зэрэг 50 орчим зүйлийн шимэгч тахлын эмгэг төрүүлэгчийг тээдэг. Тахлын голомт бүс нутгууд гэж бий бөгөөд энэ нь сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор тэлж байгаа аж. Энэ нь “Sars-cov-2” коронавирус лугаа адил хор уршигтай бичил биетүүдийн “өдөөх дайн” улам нэмэгдэх нигууртай учраас тэр болгонд бэлтгэлтэй байхыг тэрбээр онцлоод вакцинжуулалт, тарилга үүнд чухал гэжээ.
Орос эрдэмтний дурдсанчлан аливаа тахлын эсрэг бэлдмэл буюу тарилга хамгийн чухал болохыг хүн төрөлхтний түүх гэрчилдэг. 1918-1920 онд гурван давлагаагаар дэгдэж, дэлхийн хүн амын 30 орчим хувь буюу 550 сая гаруй хүний амийг авч одсон, H1N1-ийн серотип вирусээс үүдэлтэй испани ханиадыг ч вакцины ачаар дарж авсан. “Sars-cov-2”-ыг ч дархлаажуулалтаар давахаас өөр арга замгүй гэдгийг олон улсын эрдэмтэд дуу нэгтэй мэдээлж, үүнд идэвхтэй хамрагдахыг уриалсаар ирсэн. Эхэндээ “Ковид-19”-ийн эсрэг вакциныг хоёр тун хийлгэхэд болно гэж байсан бол өдгөө нэмэлт гурав дахь тунд хамрагдах нь коронавирусийг “үдэж” явуулахад чухал нөлөөтэй хэмээн ДЭМБ-аас Засгийн газрууд болон иргэдэд уриалж байна. Үүнтэй холбоотойгоор олон улсад, өөр өөр багийнхны гарган авсан нэр бүхий вакцинуудаар гурав дахь тунг сонголтоороо хийлгэх нь ямар ч аюулгүй талаар сүүлийн үед дэлхийн судлаач, эрдэмтэд онцолж байна. Өмнөх хоёр тунгаасаа өөр вакцинаар тариулах нь эрсдэлтэй, эмийн үйлдвэрүүдийн шахаас гэсэн ташаа ойлголт олон оронд газар авч, иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байгаа учраас энэ тал дээр түлхүү анхааран судалгаа хийж байгааг ДЭМБ-аас мэдээлж байсан. Тэгвэл өдгөө “эрлийз” дархлаажуулалт ямар ч тохиолдолд алдаа биш, аврал болохыг албан ёсоор зарлав.
Ялангуяа “Sars-cov-2”-ын мутац хэлбэрүүд, тэр дундаа дельта, омикроны халдварын тархалтын явцаас үүдэн 1-2 төрлийн вакциныг хоёр ба нэг гэсэн тунгаар хийх нь үр дүн, чанарын хувьд ямар ч эрсдэлгүй, ялгаагүй болохыг мэдээлж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 24-нд “Африкийн өмнөд хэсгийн Ботсвана болон ӨАБНУ-аас илрүүлсэн омикрон мутац өдгөө 60 гаруй оронд бүртгэгдээд байгаа ч “хоруу” шинжээрээ дельта хэлбэрийнхээс харьцангуй бага байгаа аж. Энэ нь дархлаажуулалтыг эрчимжүүлснээр уг өвчнийг “цурам”-д оруулах магадлал өндөр гэсэн нааштай, эерэг таамаглал дэвшүүлэхэд хүргэж байгаа учраас вакцины ач тусыг сурталчлахад онцгой анхаарахыг ДЭМБ уриалж буй.
Өнгөрсөн мягмар гарагт Европын эмийн агентлаг “Цар тахлын эсрэг вакцинжуулалтад анх хийсэн болон нэмэлт тунг өөр үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээр буюу хольж хэрэглэхийг дэмжиж буйгаа мэдээлсэн. Ийнхүү хэд хэдэн үйлдвэрийн тарилгыг хольж хэрэглэхийг гетерологийн вакцин гэж нэрлэдэг юм байна. Янз бүрийн вакциныг хамтад нь хэрэглэх нь “Ковид-19”-өөс хамгаалж чадна гэдгийг тус байгууллагын шинжээчид мэдэгдэв. Ихэнх оронд халдвар, эмнэлгийн ачааллын түвшин нэмэгдэж, шинэ тутам байгаа мутацын тархалт, халдварын байдал зэрэг нь санаа зовоох асуудал учраас энэ талын судалгааны үр дүнг яаралтай зарласан аж. “Өөр өөр төрлийн, зөвшөөрөлтэй вакцины талаар өнөөг хүртэл байгаа нотлох баримтуудад гетеролог өсгөгчийг гомолог өсгөгчтэй харьцуулахад дархлааны хариу урвалын хувьд сайн, зарим тохиолдолд илүү болохыг харуулсан” гэж Европын эмийн агентлаг мэдэгдсэн байна. “Урт хугацааны аюулгүй байдал, дархлааны үргэлжлэх хугацаа, үр дүнтэй байдлын талаар нотлох илүү олон баримт өгөх судалгаа үргэлжилж байна” гэжээ.
Үүнээс гадна коронавирусийн эсрэг шинэ бүтээгдэхүүнүүдийг дэлхийн хүн амын бие махбодын онцлог байдалд тохируулан гарган авч, туршсаар байгаа аж. Жишээ нь, хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн газраас “АстраЗенека” компанийн гарган авсан эсрэг биеийн “коктейль”-ийг эмнэл зүйд хэрэглэхийг зөвшөөрсөн талаараа албан ёсоор мэдээлжээ. Дархлаа сул болон “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийлгээд гаж нөлөө илэрсэн хүмүүст зориулсан, халдвараас сэргийлэх уг бэлдмэлийг “Evusheld” хэмээн нэрлэжээ. Коронавирусийн халдварт өртөөгүй, эсвэл халдвартай хүнтэй ойрын хавьтал болоогүй өсвөр болон насанд хүрсэн хүмүүс “Evusheld” тариулах боломжтой аж. Тиксагевимаб болон цилгавимабын найрлагатай моноклональ эсрэг биеийн холимог нь өвчний эрсдэлийг 77 хувиар бууруулдаг болохыг туршилтаар нотолсон гэдгийг “АстраЗенека” компани тэмдэглээд энэ нь том амжилт гэдгийг онцолсон байна. Тэдний мэдээлэлд “Вакцин нь “Ковид-19”-өөр огт өвчлөөгүй дархлааны тогтолцоонд эсрэг бие болон халдвартай тэмцэх чадвартай эсүүдийг тогтоох зарчмаар ажилладаг. Харин “коктейль” нь халдвар авсан тохиолдолд үйлчлэх тогтолцоотой, хүний биед удаан хугацаанд орших чадвартай, лабораторийн аргаар хийсэн эсрэг биеийн найрлагатай” гэж дурджээ. Үүнийг дараалан хоёр тун хэрэглэх ёстой бөгөөд нэг жил хүртэл үйлчилгээгээ хадгалах гэнэ. Бүтээгч компани болон АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн газраас мөн “Одоогийн байдлаар халдварын эсрэг хамгийн найдвартай хамгаалалт нь вакцин болоод байгаа ч эл бүтээгдэхүүн маань дархлаа суларсан болон вакцины гаж нөлөө илэрсэн хүмүүсийн хувьд өвчнөөс сэргийлэх шинэ боломж. Нэмэлт тунгаар аль үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэх нь сонголтын асуудал” гэж онцолжээ.
Тэгвэл Африкийн өмнөд хэсэгт анх илрүүлсэн буюу омикрон мутацын эсрэг “Пфайзер” онцгой үр дүнтэй байгааг судалгаагаар баталсан талаараа Израилын Хаим Шибийн нэрэмжит эрүүл мэндийн төвийн эрдэмтэд мэдээлэв. Өмнөх хоёр тунг өөр үйлдвэрийн вакцинаар хийлгэсэн ч нэмэлтээр “Пфайзер” тарихад омикроноос бүрэн хамгаалж чадаж байна гэж тэмдэглэжээ.
Юутай ч “Ковид-19”-ийг “цурамд” оруулах хугацаа дөхсөөр байгаа талаар Британи зэрэг олон орны эрдэмтэд мэдээлсээр байна. Мөн уг халдварт өртсөн хүмүүст хэдэн арван жилийн хугацаанд тогтвортой дархлаа тогтох магадлалтай гэсэн дүгнэлтийг хоёр тусдаа судалгаа хийсэн АНУ-ын эрдэмтдийн багийнхан хийсэн байна. Тодруулбал, Сент-Луис дэх Вашингтоны их сургуулийн дархлаа судлаачид болон Нью-Йоркийн Рокфеллерийн Молекул, биологийн лабораторийн багийнхны судалгааны талаар өнгөрсөн пүрэв гарагт “Nature” сэтгүүлд нийтэлснээс үзвэл сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн олон ажилдаа үндэслэн ийнхүү мэдээлсэн аж.
Ташрамд өгүүлэхэд, ДЭМБ-ын мэдээллээр дэлхийн хэмжээнд таван сая гаруй хүн “Ковид-19”-ийн улмаас амьсгал хураагаад буй. Тиймээс авралын ганц гарц болох вакцинжуулалтын бүрэн тун болон, нэмэлт тарилгадаа идэвхтэй хамрагдахыг тус байгууллагаас дахин дахин сануулсаар. Гэхдээ тунг хэтрүүлэхгүй байх, вакцинжуулалтын бүртгэлд гойд анхаарах ёстойг Шинэ Зеландад болсон нэгэн явдал сануулсныг олон улсын мэргэжилтнүүд зөвлөв. Тус улсын нэгэн иргэн дархлаажуулалтад хамрагдахаас татгалзсан хүмүүстэй тохиролцон нэг өдрийн дотор 10 удаа вакцин хийлгэсэн нь илэрчээ. Түүний биед ямар өөрчлөлт гарсан талаар одоогоор мэдээлэл алга, эмнэлгийн хатуу хяналтад оруулсан аж.