Иргэн А нь хоёр хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Тэрбээр байр түрээслээд 4 жилийн нүүр үзэж буй. Өмнө нь сар сардаа түрээсийн мөнгөө төлж байсан боловч цаг үеийн нөхцөл байдал нөлөөлсөн үү, 3+1 буюу 3 сарын байрны түрээсээс гадна нэмж барьцаа буюу нэг сарын түрээс авдаг болчихсон. Энэ бол хамгийн доод төлбөрийн нөхцөл бөгөөд 6+1, бүр нэг жилээр төлбөр нэхдэг түрээслэгчид ч байдаг аж. Түрээсийн байр болон байрны урьдчилгааны талаар иргэн А-тай ярилцсанаа хүргэе.
-Хамгийн доод төлбөрийн нөхцөл нь 3+1 гэхээр нийтдээ дөрвөн сарын түрээсийн мөнгийг нэг дор төлнө гэсэн үг. Та түрээсийн байрны төлбөр танд ямар дарамт учруулж байна вэ?
-Байр түрээслэгчид дуртай үнээ түрээслүүлэгчдэд хэлдэг. Ер нь хувь хүн өөрийнхөө байрыг ямар үнээр түрээслүүлэх нь тэдний дурын асуудал л байх л даа. Гэхдээ өөрсдөө залуу яваагүй, юугаар ч дутаж үзээгүй юм байх даа гэж хааяа бухимддаг. Зарим түрээсийн байр тохижилт муу хэрнээ хэтийдсэн их үнэтэй. Бас залуу гэр бүлийн хүмүүсийг гэхээсээ илүү ганц бие, эмэгтэй хүнд байраа түрээслүүлнэ гэдэг. Гэр бүлтэй түрээслэгчид хүн биш болсон цаг шүү дээ.
-Өөрийн гэсэн орон сууц худалдаж авах талаар судалж үзсэн үү?
-Үзсэн. Гэхдээ 6 хувийн ипотекийн зээлээр л авах гэж үзвэл юу юм гэхээс, өөрөө бүтэхгүй шүү дээ. Монголд ер нь цалингаа хурааж байр авна гэдэг үлгэр. Гадаад оронд л тийм зүйл байдаг байх. Хэрвээ цалингаараа байр худалдаж авч болдог байсан бол Монголчууд харь орныг зорихгүй.
-Засгийн газраас орон сууц худалдаж авах урьдчилгаа төлбөрийг ирэх оноос бууруулахаар болсон. Үүний дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас журамдаа өөрчлөлт оруулахаар болсон. Ер нь орон сууцны урьдчилгаа цуглуулж байсан уу?
-Цуглуулах гэж хичээж байсан. Гэвч амьдралын шаардлагаар болдоггүй юм билээ. Түрээсийнхээ төлбөрийг төлнө. Эхнэр хүүхэдтэй болохоор тэднийхээ хэрэглээг хангана. Бас өдөр бүр гардаг урсгал зардал гээд мөнгө хураах боломж тэр болгон олддоггүй. Дээрээс нь Монголд цалин бага, өргөн хэрэглээний барааны үнэ ч дийлдэхгүй их. Гадагшаа л явж ажил хийхгүй бол залуу хүмүүст эх орондоо ажиллаад мөнгө хуримтлуулж, байр авах боломж их хомс шүү дээ.
Улаанбаатар хотод түрээсийн сууцанд амьдардаг 22738 өрх байдаг байна
Үндэсний статистикийн хороо, 2020 он