Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дахь, ОХУ-тай хиллэдэг хэсгээр хил зөрчин хойд хөршид нэвтэрсэн хүмүүсийг хүлээн авах болсноо ХХЕГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас өчигдөр мэдээллээ. Хил зөрчсөн манай улсын иргэд самар түүх зорилгоор явж байсан гэх мэдээлэл бий бөгөөд тэд дээрх сумын нутаг, Минжийн заставын хариуцсан хэсэг дэх хилийн … дугаар тэмдгийн чиглэлээр энэ сарын 7-нд хил давсан байж. Эх сурвалжуудын мэдээлснээр 30 орчим хүн таван нэгж техник буюу автомашинтай улсын хил зөрчөөд ОХУ-ын хилчдэд саатуулагдсан юм байна. Тэднийг хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтаар хүлээн авахаар хойд хөршийн талтай тохиролцсон аж. Тухайн хэсэг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар бөгөөд битүү ой хөвч бүхий бартаа саад ихтэй, хилийн хяналтыг тасралтгүй зохион байгуулахад хүндрэлтэй бүс юм.
Үүнээс өмнө энэ оны нэг, хоёрдугаар сард Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Сэлэнгийн Хүдэр сумын нутагт байрлах, хойд хөрштэй хиллэдэг бүсэд 485 хүн 354 удаа хил орчмын дэглэм зөрчсөн. Өнгөрсөн болон энэ сар гарснаас хойш 68 хүн таван удаагийн тохиолдлоор зөрчил гаргасныг хилээс 1-15 км зайд явахад нь илрүүлэн саатуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцжээ.
Бэлтгэсэн Г.Равжаа