АНУ-ын Нью-Йорк, Иллинойс зэрэг мужийн анагаах ухааны төв байгууллагын эрдэмтэн, судлаач нар “Дэлхий нийтээр коронавирусийн вакцинжуулалтын түвшин нэмэгдэж, халдвар буурч буй тул цар тахлын хамгийн муу үе нь энэ хүрээд дуусах нь хэмээн найдацгааж байна. Гэвч тийм биш нь харам салтай. “Ковид-19”-ийн дараах синдромын тахалд бид аль хэдийн нэрвэгдсэн. Энэ нь тээ вэр, ложистик, аль эсвэл аялал жуулчлалын бизнес, эдийн засгийн уналттай холбоогүй, цэвэр эрүүл мэндийн асуудал юм. Тодруулбал, коронавирус одоогоор дэлхийн иргэдийн уушгинд гурван том гэмтэл үүсгэсэн” хэмээн www.medscape.com цахим хуудсанд мэдээлэв. Аарон Холли, Грегори Худ, Шерил Пегус нарын эрдэмтэн ийнхүү судалж, тогтоосноор коронавирус тусаад эдгэрсний дараа уушгинд нэгдүгээрт, цочмог хүндрэл, хоёрдугаарт амьсгалын замын синдром, гуравдугаарт эд, эсийн гэмтэл архагшин үлдэж буй гэнэ. Хүн төрөлхтөн коронавирусийн дараах энэхүү синдромыг даван туулахын тулд тэвчээр, цаг хугацаа багагүй шаардагдах бөгөөд бүрэн эрүүлжих үйл явцыг түргэсгэхэд гагцхүү тууштай эмчилгээ хэрэгтэй аж. Тэдний эл судалгааг олон улсын эрдэмтэд сүүлийн үеийн хамгийн үндэслэлтэй нотолгооны нэг хэмээж, “Ковид-19”-ийн дараах нөхөн сэргээх эмчилгээнд ихээхэн дэмжлэг болно гэж үзэж байна.
Тэгвэл АНУ-ын Цээжний хөндийн нийгэмлэг (ATS)-ийн судалгаагаар коронавирусээр өвчлөөд эдгэрсний дараа уушгины эд, эсийн гэмтлийн үлдэцтэй өвчтөнүүдэд үрэвслийн эсрэг, дархлаа дэмжих, дааврын эмчилгээг гурван долоо хоног тасралтгүй хийхэд бие нь сайжирсныг тогтоожээ. Гэвч энэ нь эцсийн дүгнэлт биш бөгөөд уг эмчилгээний дараа өвчтөнүүдэд рентген шинжилгээ хийхэд уушгины хатгалгаа оношлогдсон нь айдас төрүүлсэн байна. Үүгээр ч зогсохгүй уг эмчилгээнээс хойш зургаан долоо хоногийн дараа ч өвчтөнд ядрах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй байх, рентген шинжилгээгээр уушгинд гажиг оношлогдсон хэвээр байж. Золоор энэ нь ихэнх тохиолдолд эдгэрэх шатандаа байсныг дурджээ.
Коронавирус нь хүний бие махбодод халдан, олон эрхтэн, системийг гажуудуулж, тэр дундаа уушгинд арилшгүй сорви, архаг, хууч үлдээж байгааг дэлхийн эрдэмтэд энэ мэт судалж, мэ дээлсээр. Харин манайд үүнийг огтхон ч авч хэлэлцэхгүй, анхааруулж, сэрэмжлүүлэхгүй байгаа нь хачирхалтай. Яагаад ингэж хэлэх болов гэхээр коронавирусийн дараах нөхөн сэргээх эмчилгээний удирдамж бидэнд алга. Энэ талын зөвлөгөө, мэдээлэл ч хомс. Иргэд эдгэрснээсээ хойш хэдий хугацааны дараа эмнэлэгт хандах, уушгиа хянуулах, эсэхээ мэдэхгүй л явна. Зарим эмч коронавирус туссан бол эдгэрснээсээ хойш 14 хоногийн дараа рентген шинжилгээ хийлгэхийг зөвлөдөг. Гэвч ялангуяа гэрээр эмчлүүлсэн хүмүүс хэд хоноод илаарьшсан гэж үзэхээ мэдэхгүй, энэ нь шинжлэх ухаанч бус дүгнэлт юм. “Ковид-19”-ийн дэгдэлтийн дунд хугацаанд эмнэлэгт өвчтөнүүдийг 10 хоног хэвтүүлэн эмчлээд эдгэрсэн гэж үздэг байв. Харин оргил ачааллын үед эмнэлгийн ор олдохгүйд хүрч, иргэдийг тусгаарлах байранд тав хоног эмчилсэн болоод гаргаж байсан нь саяхан. Ингэхдээ тухайн өвчтөний шинж тэмдэг багассан л бол уушгины хатгалгаатай байна уу, амьсгалын замын эмгэгтэй юү, энэ бүхэн огт хамаагүй байсан.
Манай улсад коронавирус бүртгэгдсэнээс хойш өчигдрийг хүртэлх хугацаанд зөвхөн PCR шинжилгээгээр батлагдсан 385 166 хүн бүртгэлтэй байна. Өнгөрсөн есдүгээр сарын 10-наас хойш ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн түргэвчилсэн шинжилгээний дүнг нийт халдвартай хүний тоонд оруулахаа больсон нь магадгүй “Ковид-19”-ийг хяналтад авсан гэж харагдуулах ядмаг арга байсан биз. Түүнээс хойш өвчтэй болон эдгэрсэн хүмүүсийн мэдээлэл үндсэндээ замхарсан гэсэн үг. Эрх баригчид “И-Монголиа” цахим программд PCR болон түргэвчилсэн тестийн шинжилгээний хариуг хамтад нь шивж оруулдаг байсан нь эцэстээ албан ёсны тоон мэдээллүүдтэй олон арван мянгаар зөрж, асуудал дагуулсан. Халдварын тоон мэдээллийг нуун дарагдуулсан байж болзошгүй эдгээр зөрүүтэй мэдээлэл нь нийтэд илчлэгдсэнээр түргэвчилсэн тестийн хариу хүчингүй болох нь тэр. Одоо болтол тус цахим портал дахь “Ковид-19”-ийн мэдээлэл зөрүүтэй хэвээр. Тодруулбал, “И-Монголиа” дахь өчигдрийн мэдээгээр коронавирусийн батлагдсан тохиолдлын тоог 678 950 гэжээ. Энэ нь ЭМЯ-ны албан ёсны одоогийн статистикаас 283 784-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Тэгвэл ikon.mn сайтынхан коронавирус Монголд бүртгэгдсэн цагаас эхлэн батлагдсан, өвчилсөн, эдгэрсэн хүмүүсийн датаг боловсруулж ирсэн бөгөөд тэдний өчигдрийн мэдээгээр эдгэрсэн хүний тоо 693 207 болжээ. Үүн дээр ЭМЯ-ныхны өгсөн, эмнэлэгт яг одоо хэвтэн эмчлүүлж байгаа болон гэрийн ажиглалтад буй хүний тоог нэмбэл нийт батлагдсан тохиолдол 705 000-д хүрэхээр байна. Албан бус мэдээгээр коронавирусийн эерэг шинжилгээний тоо нэг саяд хүрсэн гэх таамаглал ч бий. Засгийн газар, ЭМЯ, ХӨСҮТ зэрэг төв байгууллагуудынх нь галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг эдгээр тооны цаана олон зуун мянган хүний амь, эрүүл мэнд хөсөр хаягдчихаад байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд гэрээр эмчилгээ хийлгүүлсэн, мөн эдгэрсэн, батлагдсан хүмүүсийн бүртгэл, тоонд ч ороогүй хэчнээн хүн коронавирусийн дараах синдромын тахал гээчид нэрвэгдээд байгааг хэлж мэдэхгүй.
Яг үнэндээ “Ковид-19”-өөр өвчлөөд эдгэрсэн гэх хүмүүс ямар нэг байдлаар урхаг, үлдэцгүй илаарьшсан гэх ойлголт нийгэмд алга. Уг өвчинд нэрвэгдсэн хүн бүр шахам л мартаж, санах, ой тогтоолт муудсан, үнэрлэх амтлах мэдрэмж нь өмнөхөөсөө буурсан зэрэг мэдрэлийн эмгэгт өртсөнөө хэлсээр байна. Хамгийн гол нь амьдралын амин чухал эрхтэн болсон уушги нь сорвижилттой хоцорсон, хатгалгааны сүүдэр тогтсон, амьсгалын синдром, цээжний хөндүүр нь арилахгүй байна гэсэн олонхын сэтгэгдлээс өөр судалгаа манайд алга. Энэ бол дэндүү өрөвдөлтэй, бас ичмээр зүйл биш гэж үү. Тодорхой хэлбэл, коронавируст өртсөн олонхыг хамарсан судалгаа, өвчний дараах эмчилгээ, менежмент, хяналтын тогтолцоо одоо болтол бүрдээгүй нь энэ улсын байдаг л нэг төрх болж.
Дээрээс нь жил бүр биднийг дарладаг хотын хорт утаа “Ковид-19”-ийг арайхийн давж буй улаанбаатарчуудын уушгинд цээж дүүрэн амьсгалах боломж ч олгохгүй нь. Үндэсний аудитын газрынхны саяхны судалгаагаар нийслэлийн агаарын бохирдлын хорт агууламж нь өмнөх жилүүдийнхтэй адил аюултай хэвээр байгааг сэрэмжлүүлсэн. Өөрөөр хэлбэл, манай улс шахмал түлшний хэрэглээнд шилжиж, агаар дахь хорт утаа сийрэгжсэн хэмээн мянга сурталчлавч хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь буураагүй гэсэн үг. Өвлийн дунд сар хэдийн гарсан ч өнгөрсөн болон энэ өдрүүдэд цаг агаар тогтуун, дулаахан байлаа. Гэсэн ч агаарын бохирдол ихээр нэмэгдэв. Одоо болтол нийслэлийн хүн амын нас баралтын шалтгааны 13 хувь нь агаарын бохирдолтой ямар нэгэн байдлаар холбогдсон хэвээр. Сүүлийн 15 жилд утааны уршгаар амьсгалын тогтолцооны өвчин 26.8, зүрх, судасных 18.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт утаа багассан гэх хугацаанд лав буурсангүй.
АНУ-ын Чикаго хотын их сургуулийн Агаарын чанарын газрын судалгааны багийнхан хорт утааны улмаас хүний нас дэлхийд дунджаар 1.8 жилээр хорогдож буйг мэдээлсэн байдаг. Тэд агаарын бохирдол хамгийн өндөртэй бүсэд оршин суудаг улс орнуудын иргэдийн дундаж наслалт 8-11 жилээр богиноссоныг тогтоосон. Тэгвэл монголчуудын дундаж наслалт нь хорт утаанаасаа болж өдгөө 10-12 сараар багассаар байгаа аж. Цар тахалд нэрвэгдээд арайхийн амьсгалж байгаа иргэд утаанд нэмж хордоод уушги нь тэснэ гэж үү, эрх баригчид аа.