Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болж, ЭМЯ-ны дэргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) гэж шинэ байгууллага үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрлөө. 2021 оны хоёрдугаар сараас хойш үйл ажиллагаа явуулж буй эл агентлагийг байгуулсан ч “сахил хүртээд шал дордов” гэгчийн үлгэр болж байх шиг. Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ буурах нь бүү хэл хэд дахин нэмэгдэж, нөөц нь ч тасалдах болсон нь энэ шинэ агентлагийнхны ажлын уялдаа холбоо муу, нөхцөл байдлаа мэдрэхгүй байгаатай холбоотой гээд хэлчихэд дэгсдүүлсэн болохгүй биз. Уг нь ЭМЯ-ны бүрэлдэхүүнд 4-5 хүн хийж болоод байсан ажлыг УИХ, Засгийн газрын гишүүдийн лоббигоор 80 хүний бүрэлдэхүүнтэй агентлаг болгож өргөтгөснийг салбарынх нь ажилтнууд шүүмжилж хүлээн авсан.
Өдгөө ч тус агентлагийг тойрсон шүүмжлэл, хэл ам тасрахгүй байна. Цар тахлын үед эрүүл мэндийн байгууллага, эмийн сангууд, ард иргэдийг чанартай эм, эмнэлгийн хэрэгслээр хангахад анхаарлаа хандуулах ёстой агентлаг бол шинээр байгуулсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрынхан. Гэтэл энэ агентлаг ажлаа хийж чадаж байна уу гэдгийг эргэн харах хэрэгтэй болжээ. Яагаад ийн дүгнэх болов гэхээр хэд хэдэн учир шалтгаан бий. Тухайлбал, манай улс “Ковид-19”-ийг илрүүлэх 200 мянган оношлуур БНХАУ-аас худалдан авсан байдаг. 1.5 тэрбумаар үнэлэгдэх уг оношлууруудыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрынхан хянаж шалгахгүйгээр худалдан авсан гэдэг. Гэтэл тэдгээр нь зөв хариу гаргаж байсан, эсэх нь эргэлзээтэй. Цар тахлын халдварын улмаас сэхээнд орж, амьсгалын аппарат зүүсэн 10 хүнийг уг оношлуураар шинжлэхэд найм нь сөрөг, хоёр нь сул эерэг гэсэн хариу гаргасан тухай хэвлэлүүдэд мэдээлж байв. Өөрөөр хэлбэл, тус агентлаг иргэн бүрийг чанарын баталгаатай, аюулгүй, эмчилгээний үр дүнтэй эм, эмнэлгийн хэрэгслээр хүртээмжтэй хангах эрхэм зорилгоо биелүүлж чадахгүй байгаагийн нэг жишээ энэ юм.
ЭЭХХЗГ-ын орон тоог 80 хүнтэй байхаар батлуулж, долоон газар, 12 даргатайгаар бүтцээ батлан өдгөө үйл ажиллагаа явуулж буй юм билээ. Тэдний ес нь ажил дээрээ архи уусан “хэрэгтээ” сахилгын шийтгэл хүлээж, сануулах арга хэмжээ авхуулсан бол нэг нь ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Төрийн албаны хууль зөрчин, ёс зүйгээ умартан ажлын байрандаа архидан согтуурах явдлыг уг нь хуулиар хязгаарласан учраас дээрх хүмүүст хариуцлага хүлээлгэсэн ч биз.
ЭЭХХЗГ-т ашиг сонирхлын зөрчилтэй, эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэж, импортолдог хувийн аж ахуйн нэгжийн төлөөлөл олноороо ажилд орсон нь хачирхалтай. Тухайлбал, “Монголфарм” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Л.Намхайноров гэдэг хүн тус агентлагт Захиргаа, удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй юм билээ. Мөн “Монос”, “Эмийн үйлдвэр” гэх зэрэг аж ахуйн нэгжид ажиллаж байсан хүмүүс ЭЭХХЗГ-т ажилд томилогдсон байна. Тодруулбал, “Эмийн үйлдвэр” компанийг үүсгэн байгуулагчийн охин нь дээрх агентлагийн дэд даргаар ажиллаж буй юм билээ. Түүнийг төрийн албан хаагчийн шалгуурт нийцэхгүй байгаа тухай агентлагийнх нь ажилтнууд ярих нь чих дэлсэв.
Цар тахлын үед манай төрийн албанд ажилд орж байгаа хүмүүсийг ямар ч хяналт, сонгон шалгаруулалтгүйгээр олноор авсан нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй хүмүүст бөөн далим болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл АТГ-ынхан энэ шинэ агентлагийн хүний нөөцөө бүрдүүлсэн асуудлыг хяналтдаа авч шалгалт хийснийг албаны эх сурвалжууд баталлаа. Уг шалгалтаар цар тахлыг далимдуулан ямар ч хяналт шалгалтгүйгээр ЭЭХХЗГ-т ажилд томилогдсон хүмүүс олон байгаа нь тодорхой болжээ. Өдгөө ажиллаж буй нийт ажиллагсдын дийлэнх нь хувийн аж ахуйн нэгжид ажиллаж байгаад төрийн байгууллагад орсон нь ил болсон аж. Тэдний дунд нэг бус хүн өмнө нь албан тушаалаа урвуулж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулж байсан гэнэ.
Тухайлбал, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн эмийн хяналтын менежерээр ажиллаж байгаад мэргэжлийн алдаа гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн Д.Өлзийдулам гэх хүн өдгөө ЭЭХХЗГ-ын Эмийн аюулгүй байдлын тандалт, судалгааны газарт ахлах мэргэжилтний албан тушаал хашиж буй юм билээ. Дээр дурдсан лабораторийн албан тушаалтнууд эм, эмийн бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний дүнг өөрчилж, чанарын шаардлага хангахгүй байхад “Хангасан” гэж дүгнэлт бичиж өгдөг байсныг манай сонин 2018 онд анх дэлгэн олон нийтэд хүргэж байв. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн ч ямар нэг шийдвэр гаргахгүй байсаар хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Харин тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шалгалт хийгээд 14 дээжийн дүгнэлтийг өөрчилснийг ч тогтоон, хариуцлага тооцохыг ерөнхий захирал Б.Амар тэргүүтэнд үүрэг болгосон. Харамсалтай нь Б.Амар нь ч, түүний удирдлагад, ажиллаж байсан албан тушаалаа урвуулсан байж болзошгүй хэн нь ч хуулийн хариуцлага хүлээлгүй өнгөрсөн. Хариуцлага хүлээх ёстой хүмүүсийн нэг болох Д.Өлзийдулам гэхэд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдмөгцөө “Монос групп” ХХК-д ажилд орчихсон байсан. Хэрэв түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзэхээр байсан бол хувийн аж ахуйн нэгжид тодорхой хугацаанд ажиллах эрх нь хязгаарлагдах учиртай баймаар. Гэвч тэгэлгүй “Монос”-т ажиллаж, тэр ч бүү хэл, гүйцэтгэх захирал Л.Алтанцогтой хамт хэвлэлийн хурал хийж тус компанийн эрх ашгийг хамгаалан мэдэгдэл гаргаж байсан юм даг. МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лабораторийн ахлах шинжээчээр ажиллаж байгаад хуурамч дүгнэлт гаргасан дуулианд холбогдож байсан Д.Ганчимэг гэх хүн ч бас ЭЭХХЗГ-ын Эмийн аюулгүй байдлын тандалт, судалгааны газарт ажиллаж байгаа юм билээ.
Энэ мэт жишээнээс үзэхэд аль нэг эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагад ажиллаж байсан хүмүүс төрийн албанд шургалж, тэдгээр аж ахуйн нэгжийнхээ эрх ашгийг хамгаалан давуу байдал олгохыг үгүйсгэхгүй.
Эдгээрээс гадна нэг хачирхалтай гэмээр арга хэмжээ авсан нь ЭЭХХЗГ-т Эм шинжлэх лаборатори хэмээх нэгж байгуулахаар болсон явдал. Тодруулбал, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораториос эмийн хяналтынхыг нь салган авч шинээр байгуулсан агентлагт нэгтгэхээр болоод буй. Хэдийгээр энэ нь хараахан ажил хэрэг болоогүй ч удахгүй шилжүүлэх нь дамжиггүй. Ингэвэл эм, эмнэлгийн хэрэгслийн салбарт хөндлөнгийн хяналт гээч зүйл үгүй болж, эл чиглэлийн хувийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл буюу шинэ агентлагийн албан хаагчид өөрсдийн хамаарал бүхий компаниудын эрх ашгийг урьтал болгож, монгол хүний эрүүл мэндийн аюулгүй байдлыг хөсөр хаяж болзошгүй санагдана.
Бэлтгэсэн Г.Равжаа