Британийн Линкольншир гүнлэгийн Скегнесс хотод амьдардаг, 20 настай Эви Тоомбс өөрийгөө энэ хорвоод төрөх ёсгүй байсан, намайг төрүүлсэн нь алдаа гэж үзээд эхийг нь эмчилсэн эмчээс нөхөн төлбөр нэхэмжилсэн явдал Англид болжээ. Өнгөрсөн лхагва гарагт буюу арванхоёрдугаар сарын 1-нд Лондонд болсон шүүх хуралд шүүгч Розалинд Кое нь төрөлхийн нуруу, нугасны өвчтэй төрсөн Эви Тоомбсын нэхэмжлэлийг нааштай шийдэж чаджээ. Шүүхийн шийдвэрийн дагуу Эви Тоомбсод насан туршид нь нөхөн төлбөр олгох болж, үүнийг нь 20 жилийн өмнө энэ охины ээжийг эмчилж, хүүхэд төрүүлэх боломж олгосон эмчээс гаргуулах юм. Нөхөн төлбөрийн хэмжээг талууд тохиролцож чадахгүйд хүрвэл шүүхэд дахин хандсанаар шийдвэрлүүлэх аж. Розалинд Кое шүүгчийн шийдвэрийг “түүхэн” гэж тодотгон, энэ салбарт шинэ хуудас нээсэнд тооцож байна. Өдгөө эмч нар жирэмслэхээс өмнөх зөвлөгөөнд хайхрамжгүй хандах, үйлчлүүлэгчийнхээ эрүүл мэндийн болон ирээдүйд учрах эрсдэлийн нөхцөл байдлыг бодитоор үнэлэхэд анхаарахгүй бол яллагдагчаар татагдах, эсвэл энэ мэт хохирол амсана гэдгийг ойлгуулахад Р.Кое шүүгчийн шийдвэр онцгой үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэжээ. Зөвхөн эмч өөрөө хохирох бус, төрөлхийн өвчтэй төрсөн хүүхдүүд насан туршдаа зовж, шаналж, цаашлаад гэр бүлийн эдийн засагт нөхөж боломгүй гарз тохионо гэжээ. Эмчийн хувьд Эви Тоомбсын гомдол, буруутгалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэрбээр жирэмслэхээр төлөвлөж буй бүх өвчтөндөө зохих хэмжээгээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг, энэ нь буруу биш гэж мэдүүлжээ.
Ташрамд өгүүлэхэд, шүүхийн салбарт энэ мэт ховор тохиолдол байхын зэрэгцээ хачин гэмээр асуудал шийдэх нь бий. Тийм зарим тохиолдлын талаар өгүүлье. 2008 онд “Bank of America”-аар үйлчлүүлсэн Д.Чисколм хэмээх эр “…Миний хүссэнд хүртэл үйлчлээгүй. Сэтгэл санааныхаа хохиролд нэг их наяд, долоон зуун наян дөрвөн тэрбум доллар нэхэмжилж байна” гэснийг нь шүүх байгууллагынхан зөв ойлгохын тулд, мөн нэхэмжлэгч чухам ямар хэмжээний мөнгөн дүн өргөдөлдөө бичсэнийг нь ухуулах зорилгоор математикийн ухааны доктороос туслалцаа хүссэн байна. Түүний нэхэмжлэлийн дагуух шүүх хуралд оролцсон эрдэмтэн өнөөх толгой эргэм тооны талаар маш оновчтой тайлбарласан нь шүүхийн салбарын бахархалт нэгэн ялалт гэж үздэг байна. Тэрбээр “Иргэний нэхэмжилсэн 1.784 их наяд доллар гэдэг нь АНУ-ын ДНБ-ий хэмжээнээс хэд дахин давсан мөнгө бөгөөд манай улсын макро эдийн засгийн үзүүлэлт одоогийн байдлаар 60 их наяд доллар” гэж тайлбарлажээ. Тус улсын шүүхийн салбарын түүхэнд ийм хэмжээний мөнгөн дүнтэй нэхэмжлэл анхных нь энэ. Гэтэл үүнээс ч “томорсон” хүн байна. 2014 онд нийтийн тээврийн автобусанд суухаар явж байхдаа нохойд хазуулсан гэх 62 настай эрэгтэй Нью-Йоркийн шүүхэд гомдоллон Засгийн газраасаа 2000 дециллион буюу ардаа 33 тэг бүхий тоотой нэхэмжлэл гаргасан байна. Тэрбээр нохойд уруулсан талаараа, яагаад шүүхэд өргөдөл гаргах болсон тухайгаа нийт 22 хуудсанд бичиж “илтгэсэн” гэнэ. Энэ өргөдлийг шийдвэрлэх хуралд мөн л математикчдыг оролцуулжээ. Шинжээч “Нэхэмжлэгчийн хүссэн мөнгөний хэмжээ нь дэлхийн эдийн засгийн нөөцийн нийлбэрээс хэд дахин их” гэж тайлбарлажээ.
Өөр нэгэн сонирхолтой шийдвэрийн талаар товчхон хүргэе. 2013 онд АНУ-ын Майами муж улсын шүүх 18 настай бүсгүйг хар тамхины хэрэгт буруутгаж, 5000 долларын торгууль ногдуулахын зэрэгцээ 30 хоног хорих ял төлөвлөсөн аж. Шүүх хурлын үеэр шүүгч Хорхе Родригес-Чомэт яллагдагч Пенелопы Сотоос юм асуухад биеийн хэлэмжээрээ үл хүндэтгэсэн байдал харуулж, инээж, үсээ оролдсон нь “Шүүхэд хүндэтгэлгүй хандсан” үндэслэлээр нэмэлтээр нэг сар хоригдох шалтгаан болсон аж.
Бэотгэсэн Ж.Хаан