Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэгэн албан тушаалтныг эрх мэдлээ урвуулж, байгууллагадаа хохирол учруулсан гэх үндэслэлээр АТГ-ынхан шалгаж дуусжээ. УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн I ангийн даргаар ажиллаж байсан Ө.Ууганжаргалд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн өдгөө Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянаж эхэлсэн гэнэ. Тэрбээр 2018 оны хоёрдугаар сард дээрх албан тушаалд томилогдоод удалгүй “Рояал кинг констракшн” гэх компанитай ямар ч сонгон шалгаруулалт хийлгүй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан аж. УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн I анги уг нь 2018 оны Худалдан авалтын төлөвлөгөөндөө бохирын систем суурилуулах гүйцэтгэгч сонгон шалгаруулах 95 сая төг рөгийн төсөвт өртөгтэй ажил хийхээр тусгасан байж. Гэвч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчин тендер зарлалгүйгээр “Рояал кинг констракшн” компанитай 2018 оны дөрөвдүгээр сараас тавдугаар сарын хооронд 14 удаа шууд гэрээ байгуулж, 59.7 сая төгрөгийг нь ажлын гүйцэтгэлд шилжүүлсэн аж. Тиймээс Ө.Ууганжаргалд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Бэлтгэсэн Г.Равжаа