“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Д.Сүндий гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн дуулиан дэгдэж, уг хэргээ дарахын тулд тэрбээр Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн ажилтнуудад хахууль өгсөн хэрэгт холбогдсон билээ. Хууль сахиулагчдад хахууль өгсөн хэргийг нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ.
Д.Сүндий 2019 оны гуравдугаар сард эхнэр Н.У-д удаа дараа гар хүрч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргийг эхнэрийнх нь өргөдлөөр цагдаагийн байгууллага шалгаж байв. Эл үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 11.4-1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажав хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байсан юм. Энэ үед Д.Сүндий болон түүний ажиллуулдаг компанид эрх бүхий албан тушаал хашиж байсан Д.Баттөгсөөр дамжуулан Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажав, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан нарт 20 сая төгрөгийн ха хууль хувааж өгснийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, тогтоосон билээ. Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сард Д.Баттөгс 20 сая төгрөг захирлаасаа авч, хэргийг нь түүнд ашигтай байдлаар шийдвэрлүүлэхээр болж буйгаа хэлсэн байдаг. Улмаар уг 20 сая төг рөгийнхөө 10 саяыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайханд, тавыг нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажавт өгч, үлдсэн таван сая төгрөгийг нь өөртөө байлгаж байгаад үрж дуус гасан байна.
Тиймээс НПГ-аас “Нэткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндийд Эрүүгийн хуулийн 22.5-2 дахь хэсэгт заасан “Өөртөө ашигтай байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэргийг зохион байгуулж хамтран оролцсон гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Харин Д.Баттөгсөд дээрх зүйл заалтаас гадна Д.Сүндийгээс хахууль авсан, түүнийг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон аж.
Тэднээс 10 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайханд дээрх хоёр хүнээс хахууль авснаас гадна бусдад мөнгө өгсөн, мөн Эрүүгийн хуулийн 21.1-2 дахь хэсгийн “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд устгасан, засварласан, өөрчилсөн хэргийг хууль сахиулагч үйлдсэн” хэмээн яллагдагчаар татан шүүхэд шилжүүлсэн юм. Харин Д.Сүндийд холбогдох хэргийг шалгаж байсан Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажавыг хахууль авч, нотлох баримт устгаж, өөрчилсөн хэрэгт хамтран оролцсон гэж буруутгажээ.
Хахууль авч, нотлох баримт устгаж, өөрчилсөн хэрэгт холбогдсон цагдаагийн хоёр офицер гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулж шийдвэрлүүлэхээр өмгөөлөгч, прокуророор дамжуулан хэргийг нь хянаж буй Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан ч Д.Сүндий, Д.Баттөгс нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй учраас шүүхээр шийдвэрлэх явц удааширсан юм. Өөрөөр хэлбэл, 2020 оны аравдугаар сараас хойш гэм буруутай, эсэхийг нь дэнсэлж чадахгүй байсаар бүтэн жил гаруйн хугацааг өнгөрөөсөн юм.
Анхан шатны шүүх энэ сарын 3-ны баасан гарагт Д.Сүндий, Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт холбогдох хэргийг хэлэлцсэн. Улмаар Д.Баттөгсийг Д.Сүндийг залилан мэхэлсэн, түүнээс хахууль авсан гэх үйлдлийг нь гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон байна. Харин хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож 14 сая төгрөгөөр торгох ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жил хассан байна.
Шүүгдэгч Д.Сүндийг хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцон, нийтийн албанд томилогдох эрхийг дээрх хугацаагаар хасаж, гурван жил хорих ял оноолоо. Г.Даваажав, Т.Батсайхан нарыг нотлох баримт устгасан, хахууль авсан гэм буруутай гэж шүүх дүгнээд нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, тус бүрийг нь дөрвөн жил хорихоор шийдвэрлэсэн юм. Мөн Д.Сүндийгийн цагдаа нарт хахууль болгож өгсөн 20 сая төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгохоор болжээ. Харин Д.Сүндийгийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргийг нь удахгүй сэргээн шал гаж, шүүхээр шийдвэрлүүлэх аж.
Бэлтгэсэн Г.Орчлон