УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхланд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас хоёр ч үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгах тогтоол баталсан. Тухайлбал, Төв талбайд суулт хийж байхад нь буюу аравдугаар сарын 22-нд ярилцлага авахаар очсон манай сонины “Unuudur.mn” сайтын сурвалжлагчийн “Та, УИХ-д дахин нэр дэвших үү” гэсэн асуултад хариулахаас татгалзаж, толгой руу нь гар утсаараа цохисон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3-1-т заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдсан” гэх үндэслэлээр хэрэг нээн, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй юм билээ.
Харин С.Жавхлангийн холбогдсон өөр нэг зөрчлийн хэрэгт хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тэрбээр аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” нэртэй хөдөлгөөн өрнүүлж, УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулахыг шаардаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаас болж суултаа зогсоосон билээ. Тэгвэл Жагсаал, цуглаан зохион байгуулах болон Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр Сүхбаатарын талбайд суулт зохион байгуулсан гэх үйлдлийг нь цагдаагийнхан шалгаж дуусаад дээрх Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох арга хэмжээ авхуулахаар шүүхэд хэргийг нь хүргүүлсэн байна.
Бэлтгэсэн Г.Равжаа