Гэдэсний халдварт өвчин зөвхөн халуун дулааны улиралд идэвхэждэггүйг ротавирус бидэнд жил бүр л “сануулдаг”. Ингэхдээ тав хүртэлх насны хүүхдүүдийг хэдэн зуу, мянгаар нь өвчлүүлэн байж “сэргийлээч ээ” хэмээн сэрэмжлүүлдэг. Гэвч ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн үүнийг ер авч хэлэлцдэггүй, урьдчилан сэргийлэх кампанит ажил өрнүүлэлгүй өдий хүрснийг гайхаад барамгүй.
Эрүүл мэндийн салбарт жил тутамд хүн хүчний ачаалал үлэмж нэмдэг, эдийн засгийн дарамт ихээр учруулдаг, эх, хүүхдийг туйлдуулдаг эл айхавтар вирусээс ангижрах бүрэн боломж бидэнд байна. Тэр бол уг вирусийн эсрэг вакциныг заавал хийх үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрт хамруулах явдал юм. Яагаад ингэх ёстойг одоо сийрүүлье.
Хүүхэд нь уг вирусийн халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Баянгол дүүргийн иргэн Т.Цэцэг “Нөгөө айхавтар вирусийг хүүхэд минь тусчихлаа. Эмнэлэгт зургаа хонож байна. Эхний хоёр хоног биеийн температур нь 39-өөс буураагүй. Эмнэлгийн тусламж автлаа нэг цагт бараг 7-8 удаа бөөлжсөн. Үүний дараа өтгөн нь усархаг болоод дөрвөн хоног гүйлгэсэн. Нэг нас ч хүрээгүй болохоор дархлаа нь сул байгааг эмч хэлсэн л дээ. Сүүлдээ ямар ч тамиргүй болоод эрчимт эмчилгээ хийлгэн, хүчилтөрөгчийн аппарат залгуулсан. Одооноос л арайхийн дээрдэж байна” гэсэн юм. Тэгвэл Яармагийн Эх, хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан Ж.Тунгалаг “Ковид- 19”-ийн улмаас бага насны хүүхэдтэйгээ тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм. Гэтэл хоёр настай хүүхэд минь ротавирусийн халдвар аваад зогсоо зайгүй гүйлгэж, суулгасан. Эмнэлгээс гартлаа шингэн сэлбүүлсэн. Ёстой муухай халдвар байна” хэмээсэн бол БНСУ-д амьдардаг нэгэн ээж “Монголд жил бүр, улирал тутам ротавирусийн халдвар дэгдэж, хүүхдүүд олноороо өвдөх юм. Энд хүүхдийг хоёр сартайгаас нь эхлээд уг вирусийн эсрэг вакцинд хамруулдаг. Тиймдээ ч ротавирус дэгддэггүй байх. Манайд тархалт маш их байхад яагаад вакцин нэвтрүүлдэггүй юм бол” гэж асуув.
Уг асуултад хариулт хайлаа. Манай улс Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу 15 хүртэлх насныхныг 12 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх найман вакцинд заавал хамруулдаг. Үүнд сүрьеэ, А, В гепатит, халдварт саа, сахуу, татран, хемофилюс В, улаанбурхан, улаанууд, гахайн хавдар зэрэг багтана. Эдгээрийн дотор тэртээ 20 жилийн өмнө устсан саагийн вакцин хүртэл байгааг та харлаа. Өөрөөр хэлбэл, устаад үгүй болчихсон өвчнийг хэзээ дэгдэнэ хэмээн сэрэмжилж, саагийн вакцин тарьдаг юм бол. Үүнийг буруутгаагүй ч сэргийлэх боломжтой өөр өвчнөөр хүүхдүүд хэдэн мянгаараа өвдөж, эндэж байна, ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөөн. Халдварт саагаас сэргийлдэг шигээ хүүхдүүдийг ротавирусээс хамгаалаач. Төлбөр нь өндөр гэж ам таглах хэрэггүй. 107 улс өдгөө уг вирусийн эсрэг вакциныг нэвтрүүлээд буйг preventrotavirus.org цахим хуудсанд мэдээлжээ. Үүнээс 80 гаруй улс нь тус вакциныг заавал хийлгэх дархлаажуулалтдаа хамруулаад байна. Тэгвэл 10 гаруй улсын 55 сая хүүхэд өдгөө ротавирусийн вакцинд хамрагдах боломжгүй нөхцөлд амьдарч буйг тус цахим хуудсанд онцолжээ. Тэдний нэг нь Монгол Улс гээд бод доо. Дээрх 10 орны зарим нь олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн шугамаар дархлаажуулалтад хамрагдах хүсэлтээ дэлхийн вакцины “Гави” холбоонд өгч, бэлтгэл хангаж буй гэнэ.
Хөгжиж буй болон ядуу буурай улс орнуудад эмнэлгийн хүртээмж, эм, тарианы чанар муугаас суулгалт өвчний дэгдэлт эрчээ авч, хүндрэл, эндэгдэл элбэг тохиолдсоор байгааг ДЭМБ анхааруулсаар. Тиймээс ротавирусийн тархалт ихтэй орнуудад уг өвчний эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө оруулахыг тус байгууллагынхан зөвлөсөн байдаг. Олон улсад өдгөө хүүхдэд ротавирусийн вакциныг хоёр сартайд нь эхний, тус бүр 30 хоногийн зайтай дараагийн хоёр тунг хийж дархлаажуулдаг аж. Вакцин үйлдвэрлэгчид хөгжиж буй орнуудад ротавирусийн вакцины нэг тунгийн бөөний үнийг 7-10 ам.долларт тогтоож. Харин “Гави” холбоонд нэгдсэн улс орнууд нэг тунг нь 2.13–3.56 ам.доллараар худалдан авдаг байна. Тэгвэл манайд ротавирусийн халдвартай нэг хүүхдийг улсын эмнэлэгт дунджаар долоо хоног хэвтүүлэн эмчлэхэд зарцуулах орны төлбөр, эм, тариа, байр, цахилгаан, дулааны зардал, эмч нарын цалинг тооцоход сая төгрөгөөр тогтохгүй их гарч байгааг судлаачид хэлсэн. Хувийн эмнэлэгт бол түүнээс ч их төлбөр авдаг аж.
Зах зээлийн энэ эрэлтийг хувийн эмнэлгүүд овжин ашиглаж, сүүлийн жилүүдэд ротавирусийн вакциныг өргөнөөр хийж байна. Дуслаар уулган дархлаажуулдаг уг вакцины нэг тунгийн ханш 50 000-55 000 буюу бүрэн тун нь 165 мянган төгрөг байна. Хүүхдээ өвтгөхгүй гэсэн олны хөлд “Интермед”, “Үрхэн” зэрэг эмнэлэг хэдийн дарагджээ. Тус эмнэлгүүд ч ротавирусийн вакциныг хүүхдэд яагаад хийлгэх ёстойг, ашиг тус нь ямар их болохыг сурталчилсаар байна. Гэвч гэдэсний халдварт өвчинд өртсөн хүүхдүүдийн олонх нь амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой байдаг учраас хувийн эмнэлэгт ийм хэмжээний мөнгө төлөөд вакцин хийлгэх боломж хомс. Тиймээс л хувийн эмнэлгүүд ротавирусийн вакцин нэвтрүүлсэн ч хүүхдүүд нь дархлаажуулалтад хамрагдах боломжгүй 10 орны нэг Монгол болоод буй юм.
Дуслаар, сарын хугацаатай уулгадаг уг гурван тунт вакцин нь насан туршийн дархлаа тогтоодгоороо дэлхийн хэмжээнд өдгөө өндөр үр дүнтэйд тооцогдон, улс орнууд эхнээсээ ротавирусээс гадна бусад төрлийн шалтгаант гэдэсний халдвараас давхар ангижирч буйгаа зарласаар. Харин бид хий дэмий л хлор агуулсан бодисоор юмсын гадаргууг цэвэрлэж, гэр орноо ариутган, гараа тогтмол угаахыг зөвлөсөөр байна. Гэтэл хүн ам төвлөрсөн хот, суурин газруудад вакцингүй л бол гэдэсний халдварт өвчин устдаггүйг эрүүл мэндийн байгууллагуудын статистикаас харж болно. Нийслэлд гэхэд л жилд дунджаар гэдэсний халдварын 7000-8000 тохиолдол бүртгэгддэг. Гэвч энэ бүхний үүсгэгчийг ялган оношлох чадамж бидэнд байхгүй. Тиймээс ХӨСҮТ-ийнхөн жил бүр ханиад, томуугийн оргил үеэр бөөлжиж, суулгасан тохиолдлуудад санамсаргүй түүврийн аргаар шинжилгээ хийдэг юм билээ. Ямартай ч Улаанбаатар хотод ротавирусийн 7-10 төрлийн үүсгэгч байгааг тогтоогоод буй. Ихэвчлэн хоёр хүртэлх насныханд аюул дагуулж буй нь ч судалгаагаар нотлогдсон байна. Энэ нь манай улс амьсгалын замын халдварт өвчинд хэт анхаараад, бусдыг нь орхигдуулсантай холбоотойг ч тэд нуугаагүй. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдэд зонхилон тохиолддог гэдэсний халдварт өвчнүүдийн эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх ажил учир дутагдалтай хэвээр байгаа аж. Бөөлжиж, суулгасан хүүхэд бүрийг л ийм шинж тэмдгээр илэрдэг вирусийн гаралтай ханиад хэмээн “амаар” оношлоод уджээ. Эмч нар мэдээж суулгасан хүүхэд бүрийн өтгөн, шингэнийг хараад шинжилнэ гэж байхгүй тул ялган оношилгоог тохиолдол бүрт хийлгэх шаардлагатай гэнэ. Даанч гэдэсний халдварыг илрүүлэх тестийг эмнэлэгт хандсан хүүхэд бүрт хийдэггүй, ерөнхийд нь шинж тэмдгээр нь л эмчилдэг аж. Үүнээс болж вирусийн гаралтай суулгалт өвчний хүндрэл нь тав хүртэлх насныхны эндэгдлийн тэргүүн шалтгааны нэг болтлоо даамжирчээ.
Хүүхдийг богино хугацаанд эрдэс, бодисын дутагдалд оруулан, улмаар аминд нь хүрэх аюултай ротавирусийн халдвар нь жилийн дөрвөн улиралд халдварлуулах чадвартай. Ихэвчлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын дунд үеэс тавдугаар сар хүртэл дэгддэгийг ХӨСҮТ-ийнхөн хэлсэн. Халдварын оргил үе нь одоо тохиож буй гэсэн үг. Ротавирус нь ихэвчлэн ханиад, томуугийн дэгдэлттэй давхцан тархдаг бөгөөд гадаад орчинд маш тэсвэртэй гэнэ. Уг вирусээр үүсгэгдсэн гэдэсний халдвар нь бусад төрлийнхийг бодвол 24 цагийн дотор ч хүүхдийг шингэн алдуулж, шоконд оруулах эрсдэлтэй аж. Тархдаг зам нь хатуу биетийн гадаргуугаар, бохир гараар, мөн хүнээс хүнд амьсгалын замаар халдварладаг учир хоруу чанар өндөртэй. Тодруулбал, ротавирусийн халдвар нь нарийн гэдсийг үрэвсүүлж, өнгөр тогтоогч ханыг гэмтээснээр бие махбод шим тэжээлээ маш хурдан алддаг болохыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхааруулсан. Халдвар авсан хүүхдийн олонх их хэмжээний ус, эрдсийн дутагдалд орон, цаашлаад нарийн гэдэсний үрэвсэл, шарх үүсгэж болзошгүйг мөн сэрэмжлүүлсэн. Тиймээс уг өвчнийг таньж, эмнэлэгт цаг алдалгүй хандахыг эцэг, эхчүүдэд зөвлөлөө. Учир нь хүүхэд нэг удаа бөөлжихөд 10 удаа суулгасантай тэнцэх хэмжээний уршигтай гэсэн үг. Өвчний эхэн үед бөөлжих, усархаг шингэнээр суулгах шинж тэмдэг илэрнэ. Хоёр дахь хоногоос өтгөн нь хурц үнэртэй, хөөстэй, цайвар шаргал өнгөтэй болдог байна. Мөн халуурах зэрэг хордлогын бусад шинж тэмдэг ч илэрдэг аж. Аюултай шинж тэмдэг нь шээс хаагдах, эсвэл шар хүрэн өнгөтэй болох, уйлахад нулимс гарахгүй байх, нүдний ухархай, зулай нь хонхойж, ам нь хатах, уруул омголтох гэсэн.
Хүүхдийн гэдэсний халдварт өвчнийг нийгмийн байдлаар нь авч үзвэл сургууль, цэцэрлэгт явдаг багачуудаас гэртээ байдаг нь илүү өвчилсөн гэсэн судалгаа гарчээ. Нийт өвчлөгсдийн 30-45 хувь нь гэртээ байхдаа ямар нэгэн байдлаар халдвар авсан аж. Дамжсан зам нь ихэвчлэн нян тээгч, бохирдсон ус, хүнсний бүтээгдэхүүн байдгийг тогтоож. Ротавирусийн халдвар дэлхийн бараг бүх оронд тархсан байдаг ч эл өвчинд нэрвэгддэггүй нь дээр нь дурдсанчлан вакцинтай холбоотой. Уг вирус нь хүний өтгөнд долоон сар хүртэл, уг вирусээр бохирдсон гадаргууд 10, органик нэгдэлд 16, жимс, жимсгэнэд 30 хоног тэсвэртэйг олон улсын судалгаануудад дурджээ. Тиймээс л ирээдүй болсон хүүхдүүдээ уг өвчнөөс хамгаалах, алсдаа ходоод, гэдэсний шарх, хавдартай болохоос нь сэргийлэхийн тулд вакцин нэвтрүүлсэн улс орнуудын эгнээнд нэгдэх шаардлага үүсээд буй юм.