Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Нийслэлийн прокурорын газар нарын 4 нэхэмжлэгчтэй, Сү.Батболд нарын 14 хариуцагчид холбогдох нэхэмжлэлд 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Зарим хариуцагч болох гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн Монгол Улсад оршин суудаг, бүртгэлтэй тухай нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг явуулсан боловч тэдгээр иргэн, хуулийн этгээдүүд тус хаягт оршин суудаггүй, бүртгэлгүй болох нь тогтоогдсон. Шүүх энэхүү үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д "хариуцагчийн хаяг тодорхойгүй" нь иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж мөн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Товчхондоо, Сү.Батболдод холбогдуулан гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хохирол нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй, иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ийн хэрэгсэхгүй болголоо.
Ташрамд дурахад, Ерөнхий сайд асан /2009-2012/, УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой дуулиан олон нийтийн сүлжээ, олон улсын мэдээллийн хэрэгслээр эрчимтэй тархсан. Тухайлбал, Нью-Иоркийн шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэд түүнийгээ буцаан татсан, оффшор бүс дэх хөрөнгөө байршуулсан нь ил болсон гэх мэдээллүүд одоо ч хуучраагүй. Харин УИХ-ын гишүүн Сү.Батболдын зүгээс энэ бүхнийг “гүтгэлэг” хэмээн мэдэгдэл гаргасан удаатай.