Намиби улсаас ирсэн эрэгтэйгээс “Sars-cov-2” коронавирусийн омикрон хэлбэрийн халдвар илэрсэн талаар Японы ГХЯ-наас мэдээлжээ. “Нарита” олон улсын онгоцны буудалд буусан даруйд нь авсан шинжилгээний хариу нь эерэг гарчээ. Үүнийг нэмэлт шинжилгээнд явуулахад шинэ мутац болох нь батлагдсан талаар өчигдөр өглөө албан ёсоор зарлав. Ингэснээр Африк тивийн улсуудыг эс оролцуулан омикрон хэлбэрийн халдвар илэрсэн 18 дахь бүс нутаг нь Япон болов. CNN телевизийн мэдээлснээр өчигдрийн байдлаар Австри, Испани, Францын хилийн чанад дахь бүс нутаг болох Реюньон арал, Японд шинэ мутацын халдвар илэрчээ. Үүнээс өмнө Австрали, Британи (өчигдөр хоёр нэмэгдсэн), Израил, Бельги, Герман, Канад, Чех, Дани, Хятад, Хонконг, Итали, Нидерланд, Португал, Швед болон ӨАБНУ, Ботсвана, Зимбабве, Лесото, Малави, Мозамбик, Намиби, Эсватинид “Sars-cov-2” коронавирусийн омикрон хэлбэрийн халдвар илэрсэн талаар ДЭМБ мэдээлсэн.
Бэлтгэсэн Э.Хана