Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөж яваа хүмүүс бол цэнхэр дуулгат энхийг сахиулагчид. Тэд манай батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний нүүр царай болж НҮБ-ын мандаттай болон олон улсын бусад ажиллагаанд оролцсоор 20 шахам жил болох гэж байна.
Энэ хугацаанд гадаад оронд үүрэг гүйцэтгэх цэргийн багийнхныг жигдрүүлэх үүднээс гутал, хувцас, хэрэглэл, цүнх “шахдаг” гэсэн хэл ам байнга гарсаар ирсэн. Ийм “шахааг” генерал, офицерууд хийж байсан тухай олон энхийг сахиулагч барим тавим ярьдаг билээ.
Тэгвэл саяхан ЗХЖШ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн нэгэн офицер “Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн” хэмээх сүлжээний барааг Өмнөд Суданыг зорьж буй энхийг сахиулагчдад “шахсан” гэх мэдээлэл бидэнд ирлээ. 65 000 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүнийг энхийг сахиулахаар явж буй алба хаагчдад нийлүүлсэн нь нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл гэлтэй. Харамсалтай нь ЗХЖШ-ынхан тухайн албан тушаалтнаа хууль сахиулах байгууллагаар шалгуулалгүй, тэгсхийгээд дотооддоо арга хэмжээ аваад өнгөрч буй сурагтай.
Ер нь батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнийхэн авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон офицеруудтайгаа хариуцлага тооцохдоо дурамжхан бололтой. Бусдад хахууль өгсөн гэм буруутай нь шүүхээр тогтоогдож, нийтийн албан тушаал хаших эрхийг нь хассан хүн ҮБХИС-д ажиллаж буй нь үүний нэг жишээ юм.
Бэлтгэсэн Г.Равжаа