Коронавирусийн шинэ хэлбэр омикрон дельтагаас ч илүү аюултайг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн баасан гарагт олон улсад анхаарууллаа. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс уржигдар хуралдаж, “Шаардлагагүй тохиолдолд гадаадад зорчихгүй байцгаая” гэж олон нийтэд уриалав. Түүнчлэн хилийн хязгаарлалтыг чангатгаж, гадаадын иргэдийг хүлээн авахгүйгээ мэдэгдлээ. Харин монгол иргэдээ хил нэвтрүүлэх боловч өөрийнх нь зардлаар 10 хоног тусгаарлахаар шийдвэрлэв. Өмнө нь “Ковид-19”-ийн сургаар л хилээ хааж, сургууль, цэцэрлэгийнхээ хаалгыг барин сүржигнэж байсан УОК энэ удаа арай туршлагажсан шийдвэр гаргаж, цаашид нөхцөл байдлыг ажиглахаа илэрхийлсэн юм.
Шинэ хэлбэрийн тархалтын хурд дельтагийнхаас хэд дахин өндөр бөгөөд вакцины идэвхийг сулруулна гэж олон улсад мэдээлж байна. Хэдий тийм боловч энэ нь бүрэн тогтоогдоогүй учраас хориглох, цуцлах арга хэмжээ авахгүй. Нөхцөл байдлыг ажиглана. Иргэд вакцины гурав дахь тундаа идэвхтэй хамрагдах ёстой. Шинэ хэлбэр манайд тархсан үед гурав дахь тун үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Омикрон хэлбэрийн тархалттай холбоотойгоор ДЭМБ дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэхийг зөвлөсөн” гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн юм. Харин болзошгүй эрсдэлд юу хийх, бэлтгэлээ хэрхэн базаах талаар тэрбээр дорвитой зүйл дурдсангүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улс цар тахлын дөрөв дэх давлагаанд бэлэн, эсэх нь тодорхойгүй байна.
БЭЛЭН БАЙДЛАА ХАНГАЯ
УОК-ын гаргасан шийдвэртэй холбоотойгоор “Чингис хаан” нисэх буудалд ХӨСҮТ-ийн шуурхай баг өчигдрөөс ажиллаж эхэлснийг ЭМЯ-наас мэдээлсэн. Тус багийнхан онгоцны зорчигчдоос шинжилгээ авч, нэвтрүүлэх гэнэ. Харин үүнээс өөр арга хэмжээ салбарын яамныханд бас л алга. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээс манай улсад коронавирусийн дельта хэлбэрийн улмаас цар тахлын гурав дахь давлагаа эхэлсэн юм. Энэхүү давлагаа сар гаруйн турш үргэлжилж, дөнгөж өнгөрсөн сард л намжин, эрүүл мэндийн салбарынхан өдгөө түр амсхийлээ. Бас улсын томоохон эмнэлгүүдэд “Ковид-19”-өөр өвчилсөн иргэдийн хүлээн авахаа больж, үндсэн тусламж, үйлчилгээндээ голлон анхаарал хандуулах болсон. Түүнчлэн зөвхөн коронавирусээр халдварласан иргэдийг хүлээн авахаар түр нээсэн эмнэлгийг татан буулгасан билээ.
Халдварын гурав дахь давлагаа манайд багагүй хохирол учруулсан бөгөөд хоногт мянга мянган хүн өвчилж байв. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарынхан барьц алдаж, улсын хэмжээний бүх эмнэлгийг дайчилсан ч өвчилсөн иргэдийг хүлээн авч хүчрэхгүй байсан. Тэгвэл шинэ хэлбэр омикрон дельтагаас ч илүү аюултай гэхээр манай улс дахин барьц алдахгүйн тулд цар тахлын дөрөв дэх давлагаанд бэлэн байж, эрүүл мэндийн салбарынхаа чадамжийг нэмэгдүүлэх шаардлага үүсжээ.
ОМИКРОН ГЭЖ “ХЭН” БЭ
Британийн эрдэмтэд энэ сарын 24-нд “Африкийн өмнөд хэсгийн Ботсвана болон ӨАБНУ-аас коронавирусийн шинэ хэлбэрийн халдвар илэрлээ. Анхны батлагдсан тохиолдол арваннэгдүгээр сарын 9-нд цуглуулсан сорьцоос илэрсэн” гэж мэдээлэв. Үүнээс хоёр өдрийн дараа буюу арваннэгдүгээр сарын 26-нд ДЭМБ шинэ хэлбэрийг грек цагаан толгойн 15 дахь О,о үсгээр “овоглон”, омикрон B.1.1.529 гэж бүртгэснийг зарлалаа. Түүнчлэн энэ нь илүү хурдан тархах чадвартай, бие махбодын уургийн түвшинд нөлөөлж байгаа тул өмнөх хэлбэрүүдээс илүү хөнөөлтэй байх магадлалтай гэж түгшүүрийн харанга дэлдлээ. ДЭМБ-ын Яаралтай тусламжийн албаны техникийн багийн ахлагч Мария Ван Керхове коронавирусийн омикрон хэлбэр үүссэн шалтгааныг хараахан баттай тогтоогоогүйг онцлон тэмдэглээд “Өмнө нь “Ковид-19”-өөр өвчлөөд, бүрэн эдгэрэлгүй, ужгируулсан өвчтөний биед коронавирус шинээр мутацлагдсан байх магадлалтай. Омикроныг илрүүлсэн бүс нутгийн мэргэжилтнүүд олон улсын агентлагуудад тухайн тохиолдлуудын цусны дээжийг илгээхээр яаравчилж байна. Дээж хүлээн авснаас хойш дунджаар гурван долоо хоногийн дараа эрдэмтэд дэлхийн практикт өдгөө хэрэглэж буй вакцинууд омикроны эсрэг үр дүнтэй үйлчлэх, эсэхийг урьдчилсан байдлаар тогтооно” хэмээн тайлбарласныг “Financial times” сонин дамжуулжээ. Гэхдээ үр дүнг хүлээгээд коронавирусийн эсрэг дархлаажуулалтаас татгалзаж болохгүй. Тодорхой үр дүнд хүрч, олон улсад батлагдсан тарилгуудаар нэмэлт буюу III тунд хамруулах нь буруудахгүй гэсэн байр суурийг ДЭМБ-аас илэрхийлж байна. Түүнчлэн омикроны халдварын үед илрэх онцлог шинж тэмдгүүдийн талаарх мэдээллийг багадаа хоёр долоо хоногийн дараа бэлэн болгох гэнэ.
Тус байгууллагын шинжээчид “Ковид-19”-ийн шинэ мутацыг ДОХ-ын вирустэй хүний биед “бойжсон”, хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-тэй хавсарсан учраас “дийлдэхгүй” гэхчлэн ташаа, баттай бус эх сурвалжийн мэдээлэлд итгэхгүй, үүнийг цааш түгээхгүй байхыг уриалжээ. Харин энэ нь коронавирусийн шинээр мутацлагдсан илүү хүнд хэлбэрийн халдвар бөгөөд хүний дархлааны эсийг дарангуйлж, дахин халдварлах эрсдэл өндөр гэдгийг сануулсан юм. Африкийн вирус судлаачид эл шинэ хувилбарыг эболатай зүйрлэх хэмжээний аюултай гэж тодотгож байжээ. “Шинжлэх ухаанд B.1.1.529 хэмээн бүртгэсэн уг мутац дархлаа нь дарангуйлагдсан, эсвэл ДОХ-той болох нь хараахан оношлогдоогүй хүний биед удаан үргэлжилсэн халдварын улмаас үүссэн байж магадгүй” гэж Лондоны их сургуулийн дэргэдэх коллежийн генетикч, профессор Франсуа Баллу мэдээлснийг зарим эх сурвалж ташаа ойлгон ийм эндүүрэл үүсгэсэн юм байна.
80 ОРЧИМ УЛС ХИЛИЙН ХЯЗГААРЛАЛТАА ЧАНГАТГАВ
Омикроноос өмнө “баривчлагдсан” дельтаг халдварлах чадвар, цар хүрээгээр “дээд түвшнийх” гэж байсан ч өөртэйгөө байлдсаар уургийн бүтцээ устгаснаар намжих хандлагатай болсныг япон эрдэмтэн судалгаандаа тулгуурлан мэдээлсэн нь саяхан. Тэгвэл олон улсад нэр бүхий эрдэмтдийн тодотгосноор “Омикрон нь 50 орчим мутацтайгаас 30 гаруй нь вирусийг хүний эстэй холбодог өргөс уураг дээр байрлалтайгаараа маш аюултай” юм байна. Дельтаг давсан “хорон” омикроны халдвараас сэргийлж, улс орнууд хилээ хааж эхлэв. Одоогоор 80 орчим улс шинэ мутац илэрсэн орнуудаас хэнийг ч хүлээж авахгүйгээ мэдэгдээд байна.
Хэдий тийм боловч хаалгаа хамгийн түрүүнд “түгжсэн” Европын Холбооны хүрээнд халдвар хэдэнтээ бүртгэгдсэн харамсалтай мэдээ байна. Энэ сарын эхээр Африкийн өмнөд хэсэгт анхны тохиолдлыг нь албан ёсоор бүртгэсэн омикрон хэлбэрийн халдвар одоогоор ӨАБНУ, Ботсвана, Зимбабве, Лесото, Малави, Мозамбик, Намиби, Эсватиниэс гадна Европ, Ази тивийн Бельги, Израил, Хонконг, Герман, Чех, Британи, ОХУ-д бүртгэгдсэнийг ДЭМБ мэдээлээд, эдгээр бүс нутгаас ирсэн зорчигчдыг хатуу тусгаарлан, нарийн шинжилгээнд хамруулахыг зөвлөжээ. Үүний зэрэгцээ “Ковид-19”-ийн эхний үеэс л мөрдөж байсан халдвар хамгааллын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн, бөөгнөрч зорчих, ялангуяа аялал жуулчлалд дахин түр хязгаарлалт хийх зэргээр ажиллахыг Засгийн газруудад уриалжээ. Юутай ч британи эрдэмтдийн сануулж буйгаар “Sars-cov-2”-ын хамгийн аюултай байж болзошгүй омикрон мутацыг ДЭМБ “Анхааралд авах” ангилалд оруулж, дахин халдварлах эрсдэлтэйг сануулсаар байна. Хамгийн сүүлийн мэдээллээр бол энэ хэлбэрийн халдварын тохиолдол ӨАБНУ-ын бараг бүх мужид илэрч, нэмэгдэж байгаа бололтой.
ВАКЦИНУУД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БУЙГ СУДАЛЖ ЭХЭЛЛЭЭ
Шинэ хэлбэрийн халдвараас сэргийлэх арга хэмжээгээ эрчимжүүлэхийг ДЭМБ Африкийн орнуудад уриалсаар байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт цацагдсан, коронавирусийн шинэ мутацын тухай мэдээ олон улсын үйл явцуудад “чангаар” нөлөөлж эхлэв. Тухайлбал, Швейцарын Женев хотод ирэх долоо хоногт зохион байгуулахаар товлосон ДХБ-ын XII бага хурлыг хойшлууллаа. Гэхдээ энэ бүхний хажуугаар хамгийн таатай мэдээ нь, тохиолдлуудын дээжийн шинжилгээг олон улсын агентлагууд хүлээн авч, судалгаагаа эхлүүлсэн байна. Эл үр дүнгээс шалтгаалан өдгөөгийн вакцинуудын бүтэц, найрлагыг өөрчлөх, эсэхийг шийдэхээ “Пфайзер”, “Бионтех” компаниас мэдэгджээ. Тодруулбал, нарийвчилсан судалгаа шинжилгээгээр омикрон хүний дархлааны тогтолцооноос зугтах шинж чанартай болох нь тогтоогдвол РНХ-д суурилсан вакцинаа зургаан долоо хоногийн дотор өөрчилж, эхний багцуудыг 100 хоногийн дотор нийлүүлж эхэлнэ гэсэн юм.
Тэгвэл “Жонсон ба Жонсон” компани вакцинаа шинэ мутацын эсрэг туршиж эхэлсэн байна. “АстраЗенека”-гийн хувьд Оксфордын их сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтран хөгжүүлсэн вакцины платформоо шинэ хэлбэрийн эсрэг хурдан хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүлсэн гэж мэдээллээ. “Модерна” компани омикроны эсрэг өдөөгч тунгуудыг туршихаас гадна үүнд зориулсан нэмэлт тун гарган авахаар ажлаа эхэлжээ. Үүнээс гадна Дани, Шведийн хэсэг эрдэмтэн коронавирусийн ганцхан молекулыг удаашруулж чадвал тархалтыг удаашруулах, улмаар зогсоох боломжтойг олж тогтоосон талаараа мэдээллээ. Омикрон анх илэрсэн улсуудын судлаачдын тэмдэглэснээр дархлаажуулалтад хамрагдаагүй болон эхний нэг тун хийлгэсэн 20-30 насныхан эл шинэ хэлбэрийн халдварт өртөх нь түгээмэл байгаа аж.
Ташрамд өгүүлэхэд, өнгөрсөн аравдугаар сард ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус “Их 20”-ийн Эрүүл мэндийн болон Сангийн сайд нарын уулзалтын үеэр “Коронавирусийн шинэ хэлбэрийн, илүү хурдан халдварлах мутац бий болох эрсдэлтэй” гэж сануулж байжээ.