Коронавируст халдварын шинэ "Омикрон" хувилбар гарсантай холбогдуулан өнөөдрөөс буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс "Чингис хаан" олон улсын нисэх буудалд бүх хуваарьт нислэгт хяналт хийж ажиллаж байна. Улаанбаатар хотод буусан онгоцнуудаас Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч нэвтрүүлж буй юм. Түүнчлэн ЭМЯ-ны Шуурхай баг хяналт тавьж ажиллаж буй аж.
"Ковид-19"-ийн "Омикрон" хувилбараас үүдэн манай УОК-оос Шинэ хувилбар бүртгэгдсэн гадаад улсаас зорчин ирж байгаа, тэдгээр улсаар дамжин өнгөрсөн гадаадын иргэдийг хүлээн авахгүй байх, Тэдгээр улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдвар өндөртэй эрсдэлтэй бүсээр аялсан зорчсон Монгол Улсын иргэдийг хүлээн авах бөгөөд ирэхэд нь өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлалтад байлгах, Нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх, хил хяналтын орчимд иргэд зорчигчдоос шинжилгээг бүрэн авах шийдвэр гаргасан юм.
"Омикрон" хувилбар халдварласан тохиолдол одоогоор Өмнөд Африкаас гадна Ботсван, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малавид бүртгэгдсэн байна. Улмаар Израиль, Ботсван, Хонконг, Бельги, Их Британи, Итали, Германд улсад зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс Өмнөд Африк болон түүнтэй хил залгаа 76 улс орон хилээ хааж байгаагаа зарласан билээ.