Албан тушаалаа урвуулж, бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт яллагдагчаар татагдсан “Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярвааг энэ сарын 18-нд батлан даалтад гаргажээ. Ингэхдээ түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, хэргийн холбогдогч Ш.Уртнасан, Ц.Отгонбаатар, Ш.Дорж нартай уулзахыг хориглож, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргээ биелүүлэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна. Д.Хаянхярваа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан талаар бид энэ сарын 16-ны дугаартаа мэдээлсэн билээ.
“Эрдэнэс Монгол” компани, Хонконгийн хөрөнгө оруулалттай “Эйкүсора” гэх компанитай 50:50 хувийг хамтран эзэмшдэг Шивээ-Овоогийн нүүрсний ордын олборлолтыг эхлүүлэх зөвшөөрөл өгөхгүй хясан боогдуулж Хятадын талын хөрөнгө оруулагчаас нь их хэмжээний валют хахуульд авсан бөгөөд түүнд мөнгө өгснөө илчилж өмнөд хөршийн иргэн АТГ-т гомдол гаргасан. Д.Хаянхярваатай хамт туслах Ш.Уртнасангаас гадна Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэсэн 200МВт-ын чадалтай цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан Ц.Отгонбаатар болон төслийн захирал Ш.Дорж нарыг хээл хахууль өгсөн, авсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр болоод байна.
Бэлтгэсэн Г.Равжаа