“Улсын үндэс бол газар”. Энэ үгийг Хүннүгийн шанью Модун МЭӨ 209 оны үед тунхаглажээ. Түүхийг нь үзэх нь ээ, Модуныг шаньюйн суудалд суусан тухай дорнод Ху нар сонсоод шинэ шаньюйд улс төрийн дарамт үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, Хүннүг өдөөн атгаж байгаад дайн гаргаж, бутцохин доройтуулахыг зорьсон байгаа юм. Ингээд элч илгээж, эцэг Түмэн шаньюйгийнх нь мянган газрын гүйдэлтэй сайн морийг гуйв. Модун морийг өгчээ. Дорнод Ху нар дахин элч илгээж, хатныг нь гуйхад Модун бас л өгөв.
Дараа нь дахиад л элч илгээж, Хүннү, Дорнод Ху хоёрын хилийн дагуу байсан хүн амьтангүй, үржил шим муутай газар нутгийг өг гэж гуйжээ. Үүнийг сонссон зарим түшмэл нь “Тэр бол эзгүй нутаг, өгч ч болно, өгөхгүй байж ч болно” гэцгээсэн байна. Харин Модун маш ихээр хилэгнэж Газар бол улсын үндэс мөн, яахан өгч болно” гэжээ. Ингээд “Газраа өг” гэж ирсэн түшмэдийн толгойг аваад, мориндоо мордон, дорно зүг хөдөлж, Дорнод Ху нарыг гэнэт довтолжээ. Ингэж Модун цэрэг толгойлж довтлон очоод, Дорнод Ху нарыг хөнөөж, тэдний хүмүүс, мал хөрөнгийг олзлон авсан гэдэг.
Мөн тэртээ XVII зуунд Монголын улс төр, нийгэм, шашны нэрт зүтгэлтэн Галдан бошигт нь Зүүнгарыг хаанчилж байв. Түүнийг зөвхөн баруун Монголыг төдийгүй бүх Монгол үндэстнийг нэгтгэн хүчирхэг, нэгдсэн улс байгуулах хэтийн зорилготой байсан гэж түүхчид дүгнэсэн байдаг. Галдан бошигт нэгэнтээ цээж дэлдэн байж
“Хайран газар нутаг минь харийнхны хөлд дарагдах вий.
Хамаг монгол түмэн минь хагаралдан бутарч зовох буй.
Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж хэлсэн домогтой.
Сүүлд нийтлэлч Баабарын “Ял, гавьяа хоёроо хойч үедээ үлдээсэн” хэмээн тодорхойлсонд илүү ойртох Монголын төрийн зүтгэлтэн Х.Чойбалсангийн хэлсэн алдарт үг бий. Тэрбээр “Эх орон тусгаар тогтнолын төлөө эрсдэхгүй амь, урсахгүй цус гэж үгүй. Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нартаа үлдээв” гэсэн нь бидэнд үлдсэн. Х.Чойбалсанг 1952 оны нэгдүгээр сарын 26-нд таалал төгсөхөд тухайн үеийн Намын төв хороо, АИХ-ын Тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн эмгэнэлийн бичигт “Манай улсын бүх түүх бол Ардын хувьсгалыг мандуулах ба манай орныг цэцэглүүлэх үйл хэрэгт бүх амьдралаа зориулсан нөхөр Чойбалсангийн нэртэй холбоотой юм” гэж тэмдэглэсэн байдаг.
Үнэндээ Х.Чойбалсангийн гараар хийгдсэн их хэлмэгдүүлэлт хэмээх “ял” байдаг бол түүнд өнөө бидэнд ирсэн Монголын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал гэсэн “гавьяа” үлдсэн юм.
Гэтэл түүний дараа Монголыг бүтэн 40 жилийн турш удирдсан агуу Ю.Цэдэнбалыг харлуулдаг нэг л факт яригдсаар байдаг. Тэр нь өөрийнхөө болон Ерөнхий сайд А.Амар нарын төрсөн нутаг болох Увс аймгийн Давст уулын ар хэсгийг тухайн үеийн ЗХУ-ын бүрэлдэхүүнд шилжүүлсэн өгсөн гэж буруутгадаг юм.
Өнөөгийн НҮБ-д бүртгэлтэй, тусгаар Монгол Улсын хэдэн зууны туршийн түүхэнд гагцхүү “Улс оршин тогтнохын үндэс бол газар” хэмээх “зарлиг” дагаж иржээ.
Товчхондоо, хоёр их гүрний дундах Монгол Улсын тусгаар тогтнолын хамгийн том баталгаа нь 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутаг юм.
Тэгвэл энэ зарлигийг Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалаас хойш, ялангуяа 1990-ээд оноос хойших 30-аад жилд Монгол төрийн удирдагчид хэр зэрэг дагаж байгаа вэ?
Лав л 2019 оны “БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны долдугаар сарын 29-ний өдрийн протокол” болон “ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын А/19-1206 ноот бичиг гэж бий. Хавсралтад нь мөн ч олон газар, объект бичигдэж ОХУ-д шилжсэн дээ. Тэр жилийн сүүлчээр манай Ерөнхий сайд ОХУ-д айлчлах болж “бэлтгэл”-ийг нь ингэж хангасан гэдэг юм. Үүнийг “Төрийн мэдээлэл сэтгүүл”-ийн 2019 оны аравдугаар сарын 7-ны 38/1091 дугаараас олж үзэх боломжтой. Бид энэ талаар дараа дэлгэрүүлнэ.
Өнөөдөр бас л нэгэн төрийн айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын багагүй тоо, хэмжээтэй газар нутаг ОХУ-ын мэдэлд шилжихээр болоод байна. Энэ удаад төмөр зам дагуух болон өөр бусад зориулалт, хэрэгцээний газрууд багтжээ.
Тэр дотор бараг л “бонус” маягтай явчих гэж байгаа нэг газрын талаар товчхоон онцолъё. Бид бүгд мэднэ дээ, Чойжин ламын сүм гэж… Энэ сүм хийгээд Төрийн ордон хоёр их сонин огтлолцолтой. Холбоотой гэх нь илүү оновчтой байж мэднэ.
Өөрөөр хэлбэл, Төрийн ордны орой, Чойжин ламын сүмийн ганжир хоёр бие биеэ харж байдаг учиртай санж. Хэдийгээр өнөө цагийн монголчууд бид түүний цаадах илбэ увдисын талаар төдийлөн мэдэхгүй ч 1930-аад оны үед Монголын бүхий л сүм хийдийг нурааж сүйтгэхэд Чойжин ламын сүм л үлдсэнийг мэднэ. Төрийн хүмүүс, түүхчид энэ сүмийг ихэд хүндэтгэдгийг бас мэдэх юм. Ямартай ч, Монгол төрийн сахиусын өргөө байсан Чойжин ламын сүмд монголчуудын итгэл, сүсэг оршиж ирсэн нь үнэн юм даг. Тиймдээ ч уг сүмийн орой нь Төрийн ордныг хараалж байдаг гэх утгаараа өнөөг хүртэл дундах харууцыг хаасан өндөр барилга баригдаагүй л байна. Харин тэхий дунд нь “Ленин клуб” байдаг аж. Гэтэл “Ленин клуб” болон тэр орчмын 1.0 га орчим газрыг ОХУ-ын тал мэдэлдээ авахаар манай талд хандаад буй юм байна. Ингэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тэрхүү газрыг улсынхаа мэдэлд авахыг хүсэж байгаа гэх мэдээллийг манай талд өгчээ. Дунд нь зуучилж гүйгээд байгаа орос, монгол нөхөд, тэр дунд улсаа төлөөлөн сууж байгаа эрхмүүд ч байгааг дуулгая. Угтаа энэ бол тун эргэлзээтэй мэдээлэл бөгөөд худлаа байх магадлал маш өндөр. Яагаад вэ гэж үү. Дэлхийн хамгийн том газар нутагтай ОХУ-ын ерөнхийлөгч манай “жижигхэн” Монголын ганцхан га газрыг авахаар улайрна гэж байх уу. Тэгээд ч бид адилхан л НҮБ-д данстай улсууд. Бид Кремлийнх нь өмнө байшин баримаар байна, газраа өг гэвэл ОХУ юу гэх бол?!
Ийм л үйл явдлууд өрнөж байна. Одоо эдгээр газрыг “бүртгэх”-ээр манай улсад ОХУ-аас зочид ирчихээд байгаа аж. Тэд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд байлцах бололтой юм.
Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчид анхааралтай ажиглаж, олсон мэдээллээ уншигчидтайгаа хуваалцах болно.
Эцэст нь хэлэхэд, Монгол чинь тусгаар тогтносон улс шүү дээ. Тэгэхээр бидэнд өгч болдог, болдоггүй бэлэг гэж бий. Тэгэхээр газар нутгаа “бэлэглэж” сайжруулдаг гадаад харилцаа гэж байдаг юм уу гэж асууж байна.