ОХУ-ын хоолзүйч В.Виноградова, хоол тэжээлийн мэргэжилтэн Ю.Пигарева нар омега-3 ханаагүй тосны хүчлээр баялаг ургамлын тосны талаар мэдээлжээ. Хүмүүс омега-3-ыг зөвхөн загас, далайн гаралтай зарим бүтээгдэхүүнээс авдаг гэсэн ташаа ойлголттой байдаг талаар тэд тайлбарлаад, ургамал, тэр дундаа маалингын үрийн тосонд омега-3 ханаагүй тосны хүчил хамгийн өндөр тунгаар агуулагддаг болохыг зөвлөсөн байна. Ингээд зогсохгүй маалингын тос нь загасныхыг орлох боломжтой гэжээ. Оросууд эл төрлийн тосыг эртнээс хэрэглэж ирсэн уламжлалтай аж. Эдгээр судлаачийн мэдээлснээр хүний бие махбодод гурван төрлийн омега-3 тосны хүчил хэрэгтэй. Тэдгээр нь альфа-линолений, эйкозапентаений (EPA) болон докозагексаены хүчил (DHA) юм. EPA, DHA хоёр нь ашигтай шинж чанараараа хамгийн чухалд тооцогддог. Гэхдээ маалингын тосонд зөвхөн альфа-линолений хүчил л агуулагддаг учраас омега-3 тосны хүчлүүдийн цорын ганц эх үүсвэр гэж үзэж болохгүй. Өөрөөр хэлбэл, омега-3 тосны хүчилд агуулагддаг үндсэн гурван үзүүлэлтийг бие махдын хэрэгцээнд авахын тулд далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэнэ.
Бэлтгэсэн Э.Хана