"Хэрлэн" голын мөс цөмөрч, автомашин живжээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн “Малх” гэдэг газар “Пронтер” загварын ачааны автомашин “Хэрлэн” голын мөс цөмөрч орсон тухай дуудлагыг өчигдөр 18:44 цагт албаныхан хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 110 км замыг туулан 21:21 цагт очиход Хэрлэнбаян сумаас Говьсүмбэр аймгийн чиглэлд зорчин явсан иргэн Б-ийн “Пронтер” загварын ачааны автомашин “Хэрлэн” голд мөс цөмөрч суусан байсныг 1 цаг 10 минут ажиллаж, автомашиныг татан гаргажээ. Гол бүрэн хөлдөөгүй энэ үед иргэд зориулалтын замаар зорчиж, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.