20.30 цаг. Өвөл болжээ. Агаарын температур хасах хэм зааж, цас хялмаалж байна. Халтиргаа гулгаанаас болгоомжилсон жолооч нар явж ядан, зохиомол түгжрэл үүсгэх аж. Хүнсний дэлгүүр, түлш борлуулах цэгт орлого оруулсан хүмүүс оцон шувуу шиг алхаж байв. Тэнгэрийн байдлыг ажвал муу муухайгаа цасны хүчээр үлдэн хөөсөн мэт цэлмэг харагдах агаад тогтуун уур амьсгал мэдрэгдлээ. Утаа, униар зэрэг үзэгдэх орчныг хязгаарлах зүйл нүдэнд торсонгүй. Гэвч амьсгалж буй агаар цас шиг цэвэр байсангүй. Хагас цаг хэртэй зогсоход өвлийн сэнгэнэсэн, тунгалаг агаар бус, нүүрснийх (түүхий) шиг өмхий, тааламжгүй үнэр сэнхийж байлаа. Дэргэд зогсож байсан, сайжруулсан түлш борлуулагч залууд хандан “Эвгүй үнэр мэдрэгдэж байна шүү” гэхэд “Мэдэхгүй. Мэдрэгдэх зүйл алга” хэмээв. “Угаасаа ийм байдаг уу” гэж яриа өдөхөд “Мэдэхгүй ээ. Гайгүй болчихоод байгаа нь энэ шүү дээ” гэж цааргалсан шинжтэй, дулаан сууц руугаа оров.
Нийслэлийн гэр хорооллын нэгэн өнгийг илтгэсэн энэ газар бол Сонгинохайрхан дүүргийн VII хорооны нутаг, Баянхошууны “Монгол керамик” тоосгоны үйлдвэрийн автобусны буудал. “Хилчин” хотхоноос хоёр буудлын цаана, Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн зүүн талд орших төв зам дагуух хэсэг. Эл бүсийг нийслэлийн “хар цэгүүд”-ийн нэгт тооцдог. Энэ нь хүн ам, өрхийн тоогоороо бусад хороог тэргүүлдэг шигээ агаарт нийлүүлдэг хорт бодисын хэмжээгээрээ ч дээгүүрт жагсдаг. Тиймээс утааны голомттой, хамгийн бохир агаартай бүс гэсэн гуншинтай явж ирсэн.
Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлж эхэлснээс хойш буюу сүүлийн гурав орчим жилд энэ газрынхан чих амар байсан. Нийслэлчүүд тэднийг юу түлж, хэр зэрэг хорт бодис ялгаруулж байгааг сэрдэхээ, анхаарахаа больсон. Муу л юм болбол хойд захын хар овоохой гэсэн байдлаар хандахаа байсан. Утааны асуудал хариуцсан төрийн байгууллагынхан ч “Зөвхөн Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу орчим гэлтгүй нийслэлийн хэмжээнд агаарын чанар илт сайжирсан” хэмээн олон нийтэд итгүүлж дөнгөсөн юм. Гэтэл ачир дээрээ агаарын бохирдлын голомттой зарим бүсэд нөхцөл байдал өмнөхөөс дээрдээгүй, нүүрсний хорт, өмхий утаа иргэдийн эрүүл мэндэд заналхийлсэн хэвээр байгаагийн нэг жишээ нь VII хорооны нутаг дэвсгэр орчим юм.
Өнгөрсөн бямба гаргийн орой Баянхошуунд очиход хур тунадасны ачаар агаарын чанар харьцангуй дээрдсэн харагдаж байв. Гэвч утааны хурц үнэр мэдрэхүйн эрхтэнд “дарамт” учруулж байсан нь үзэгдэх төрх, үнэн байдал хоёрын зөрүүг илчлэх мэт санагдсан юм. Нийслэлийн агаарын чанарын суурин харуулуудын мэдээллийг цаг тутамд нэгтгэн шинэчилдэг “О2” аппликэйшн энэ үед Баянхошууг хотын хамгийн их бохирдолтой бүс гэж мэдээлэв. 13.00 цагийн үед тус бүс дэх агаар бохирдуулагч бодисын хэмжээ 250 мкг байсан бол 16.00 цагт 290, 18.00 цагт 345 болж, 20.40 цагийн байдлаар 450-д хүрлээ. Харин үүнээс хоёр цаг гаруйн дараах хэмжилтийг харахад оргил үзүүлэлтдээ хүрч, 500-гаас их гэсэн тэмдэглэгээ гарч ирэв. Хорт бодисын хэмжээ 201-300 мкг бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц, 401-500-ын хооронд маш их бохирдолтой гэж үздэг. Галлагаа, хөл хөдөлгөөн багасдаг өдрийн цагаар ч Баянхошуу орчмын агаар иргэдийг хордуулах түвшинд ийнхүү хүрч, түүнээс хойш үзүүлэлт нь тасралтгүй нэмэгдсээр 20.00-23.00 цагт стандартын түвшнийг давлаа.
VII хорооны иргэдтэй уулзаж, агаарын бохирдолтой холбоотой санал, сэтгэгдлийг нь сонслоо. Олонх нь утаа илт багассан гэв. Харин “Агаарын бохирдол буурсныг юугаар хэмжиж, баримжаалж байна вэ” гэсэн асуултад дорвитой хариулах хүн байсангүй. Тус хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд цэвэрлэгчээр ажилладаг бүсгүй “Утаа их байна. Ажлын газрынхаа ойролцоо амьдардаг учраас өглөө, оройд голдуу алхдаг. Заримдаа хоолой хорсож, толгой өвддөг. Найрлагыг нь өөрчилж, дахин боловсруулаад, нийлүүлж буй ч нүүрс л бол нүүрс шүү дээ. Хортой бодис ямар нэг хэмжээгээр ялгаруулж л байгаа. Цар тахлын нөлөөгөөр хүмүүс амны хаалт зүүж сурч байгаад баярлаж байна. Өмнө нь хэлээд, анхааруулаад ч зүүдэггүй байсан. Вирусээс ч, утаанаас ч болгоомжлохгүй бол хэцүүдэх нь” хэмээсэн юм.
Харин Б.Ундармаа “Сайжруулсан түлштэй холбоотой янз бүрийн яриа дуулдах юм. Түүхий гурил хольдог л гэнэ. Хил хааснаас болоод зарим бодис нь олдохгүй байгаа гэх. Эхний жилд утаа үнэхээр багассан юм шиг санагдсан. Харин сүүлийн үед хуучных шигээ байх боллоо. Түлш үйлдвэрлэдэг үйл явцад нь алдаа гарсан уу, эсвэл зардлаа хэмнэх гээд хортой хямд бодис холиод байна уу. Ийм хардлага төрж байна.
Манайх гурван гэрээрээ нэг хашаанд амьдардаг. Түлшээ хэмнээд, бас эрсдэлээ бодоод шөнө нэг их галладаггүй. Угаартчих вий, хүүхдүүдээ хордуулчих вий гээд айх юм. Дүүтэйгээ ээлжлээд өндөр настай ээж, аав хоёроо байнга эргэж тойрдог. Утаа өмнөх шигээ ихэссэн нь түлшний чанартай л холбоотой” гэж ярилаа.
Эндээс холгүй “Тавантолгой түлш” компанийн түлш түгээх төвлөрсөн цэг бий. Мөн гэрээгээр борлуулдаг цэг ойр орчимд гурав бий. Тиймээс энэ хавийнхан түлшний нөөц, хүртээмжид санаа зовох нь харьцангуй бага гэнэ. Гэтэл үүнээс гурав, дөрвөн буудлын цаана нөхцөл байдал өөр аж. Өглөө, оройд түлшинд дугаарлагсдын урт цуваа үүсдэг байна. Ирсэн түлш нь үдийн хэрд дуусаж, борлуулалтын цэг нь хаачихдаг гэх. Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны нутаг, Тойргийн буудлын ойролцоо хоёр иргэнтэй уулзаж, агаарын бохирдлын асуудлаар ярилцлаа.
“Монос” эмийн санг зорин “Жанцан” дэлгүүрийн буудлаас ийшээ ирсэн Х.Түмэннасан “Агаарын бохирдлоос илүү хүнд асуудал нь түлшний хүртээмж болоод байна. Долоо хоногт зургаан шуудай түлшээ яаж хүргэх вэ, угаартаад үхчих вий гэж айсаар өвлийг угтдаг боллоо. Шахмал түлш хэрэглэдэг болсноос хойш утаа арилсан юм биш, хэрэглээг нь хязгаарласан учраас тодорхой хэмжээнд багассан. Өмнө нь бид түүхий нүүрсийг замбараагүй хэрэглэдэг байсан. Төрийн зүгээс ямар ч хяналтгүй. Харин одоо үүнээс хоёр дахин бага түлш зарцуулж буй. Үйлдвэрлэл нь бага (хязгаартай) учраас хүчээр ийм бодлого баримталж байна уу гэж боддог. Орон сууцанд амьдардаг хүмүүс үүнийг ойлгохгүй. Түлэх түлшээ хүнээр мэдүүлнэ, түүндээ тааруулж хоол, цайгаа хийж, гал алдахгүй байна гэдэг бэрх.
Хүмүүс угаартаад, нас бараад л байна. Хэвийн үзэгдэл боллоо. Түлшээ хүргэх, хэмнэх гээд янз бүрийн зүйл хольж түлдгээс ийм зүйл үүсэж байж болзошгүй. Төр түлшний борлуулалтад хяналт тавихаа болиод, айлууд өмнөх шигээ хүссэнээрээ түлээд эхэлбэл утаа бүр ихэснэ” гэв.
“Хайрхан дулаан” дэлгүүрийн худалдагч Б.Батзориг “Шахмал түлш ямар ч хоргүй, цэвэр эд биш. Агаарт тодорхой хэмжээний бохирдол үүсгэж байгаа нь тодорхой. 100 хувийн үр дүн нэхээд нэмэргүй. Хүн ам өсөх, гэр хорооллын яндан нэмэгдэх тоолонд агаарын бохирдол ихэснэ. Түлшийг айлуудад квотгүй олгоод эхэлбэл мөн л замбараагүй хэрэглээ бий болно, бохирдлын түвшин одоогийнхоос ихэснэ. Тиймээс гэр хорооллыг зөв төлөвлөж, замбараагүй тэлэлтийг зогсоох хэрэгтэй. Хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг ч тодорхой түвшинд барих ёстой. 1500-гаас доош хүн амтай сум 20-иод байна гэж мэдээгээр ярилаа. Хөдөө нь эзгүйрээд, хотынхон нь шамбааралдаад, агаарын бохирдол, түгжрэлийг гааруулаад байж болохгүй” хэмээсэн юм.
Улаанбаатарын утааг 50-80 хувь бууруулсан, цаашид агаарын чанарыг сайжруулах бүс тэлэхийн хэрээр энэ үзүүлэлт улам сайжирна хэмээн зогсоо чөлөөгүй суртал ухуулга хийсээр буй БОАЖЯ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын болон Агаарын бохирдолтой тэмцэх газрынхны зурагласан “цэвэр агаартай” хотын бодит нөхцөл байдал ийм байна. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн, утааны голомттой бүсэд оршин суудаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн энэ хавийн оршин суугчид агаар дахь хорт бодист санаа зовних сөхөөгүй, түлшний “зодоон”, цар тахлын тархалтад анхаарах болж. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр гэсэн хандлагаар өдөр хоногийг аргацааж, хамгийн чухал, тулгамдсан асуудлаа хойш нь тавьжээ.
Хотын утаа буурсан нь үнэн үү. Үүнийг юугаар батлах вэ. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнгээс ингэж асуухад “Агаарын чанарын суурин харуулуудын мэдээллээс харж болно. Бохирдуулагч бодисын хэмжээ илт багассан” хэмээн итгэлтэй гэгч нь хариулж байв, сар орчмын өмнө. Гэтэл түүний хэлсэн итгэлт эх сурвалж нь агаар дахь аюул арилаагүйг, утааны голомт хумигдаагүйг, баянхошууныхан хорт хийнд дарлуулсан хэвээр байгааг өдөр тутам илчлэх болов. Өчигдөр 14.30 цагт гэхэд Баянхошуу орчим маш их бохирдолтой, нарийн, бүдүүн ширхэгт тоосонцор, хүхэрлэг хийн хэмжээ хүлцэх түвшнийг давсан байлаа. Улаанбаатар агаарын чанарын үзүүлэлтээр дэлхийн хотуудаас 22 дугаарт эрэмбэлэгдэж байв. Ийм атал бид “Утаа арилсан” хэмээн хөөрцөглөх нь, төрөөс зохион байгуулалт, бодлоготойгоор түгээж буй сайн сайхны дүртэй худал мэдээнд шүүлтүүргүй хандаж, итгэж, бодит байдлыг төөрөгдүүлэх нь угтаа агаарын бохирдлыг ихэсгэхэд “хувь нэмэр” оруулж байгаагаас ялгаагүй гэлтэй. Ялангуяа хүн амынх нь 10 гаруй хувь коронавирусээр өвчилсөн энэ цаг үед утаа ихтэй өвөл, бохир агаар нийслэлчүүдийн хувьд бас нэг хүнд сорилт болох нь гарцаагүй байна.