Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо өнөөдөр /2021.11.19/ зарим харьяа агентлаг, байгууллагуудад ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тэрээр эхлээд Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, үргэжлүүлэн Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллалаа. Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр байгууллагын үйл ажиллагаа,бүтэц бүрэлдэхүүн болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, байгууллагын цахимжилттай холбоотой хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар дэд сайдад танилцуулав. Тухайлбал, ХЗДХЯ, ГХЯ, ГИХГ хамтран цахим визийн Evisa.mn цахим системийг нэвтрүүлж, дэлхийн 36 орны иргэдэд Монгол Улсын цахим виз олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 15 улсын 54 иргэнд цахим виз олгосон байна.
Мөн Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын мэдээллийн хүртээмжийг сайжруулах, мэдээллийн дутмаг байдлаас үүдэлтэй зөрчлийг багасгах зорилгоор байгууллагынхаа https://immigration.gov.mn/mn/ цахим сайтыг шинэчилж, монгол, англи, орос, хятад, солонгос гэсэн 5 хэлээр мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн талаар онцлов.
Дэд сайд түүний дараа Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх хүүхдийн цэцэрлэг болон виз, зөвшөөрөл олголт, хяналтын шалгалтын үйл ажиллагаатай танилцсан бол одоо Архивын ерөнхий газарт ажиллаж байна.