Улаанбаатар хот Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний газар нутагтай. Эл хилийн цэсийг анх 1982 онд, БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 131 дүгээр зарлигаар тогтоожээ. Түүний дараа 1996 онд УИХ-ын тогтоолоор нийслэл болон дүүргүүдийн хилийн цэсийг тэлж, шинэчлэн баталсан байна.
Энэхүү тогтоолын хоёрдугаар заалтаар Улаанбаатар хоттой хил залгаа Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Эрдэнэ, Сэргэлэн, Баяндэлгэр, Баян, Баянчандмань сумдын хилийн цэсийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхийг тухайн үеийн Засгийн газарт даалгасан байдаг. Гэвч энэ асуудлыг одоо хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүйн улмаас нийслэл хот болон дээрх сумдын газар нутагт тодорхой хэсэгт давхцал үүссэн талаар НЗДТГ-аас мэдээллээ. Тиймээс өчигдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар дээрх асуудлыг хэлэлцэв.
Хилийн цэсийн маргааныг шийдвэрлэхийн тулд энэ онд Засгийн газрын 146 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 66 дугаар захирамж, Барилга, хот байгуулалтын сайдын 67 дугаар тушаал гарч, маргааныг эцэслэх Ажлын хэсэг байгуулсан. Тэд хэд хэдэн удаа хуралдсаны эцэст Улаанбаатар хотын хилийн цэсийг 1996 оны УИХ-ын тогтоолоор тогтоох асуудлыг НИТХ-д өргөн мэдүүлж, цаашлаад Ажлын хэсэг, Засгийн газар, УИХ-д өргөн барьж, хилийн цэсээ баталгаажуулж авах нь зүйтэй гэх шийдвэрт хүрсэн талаар албаныхан мэдээллээ.