Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулж, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулиас 2021 оны арваннэгдүгээр сарын 19-ний баасан гараг буюу өнөөдөр “Тогтвортой хөгжил, зохистой хөдөлмөр эрхлэлт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Энэхүү хуралд ОХУ, Молдав, Азербайжан, БНСУ зэрэг улсын судалгааны байгууллагын судлаачид болон дотоодын их, дээд сургуулийн багш, оюутнууд илтгэлээ хэлэлцүүлнэ.
2018 онд тус сургуулийн удирдлага 25 жилийн ойгоо тохиолдуулан “XXI зууны хөдөлмөр” сэдэвт хурлыг орон даяар зохион байгуулсан удаатай.
“Тогтвортой хөгжил, зохистой хөдөлмөр эрхлэлт” сэдэвт энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь тогтвортой хөгжлийн үндсэн элемент болох хөдөлмөр эрхлэлт, энэ чиглэлийн сургалт, судалгааны цар хүрээ, үр нөлөөг орчин цагийн онол-практикийн үзэл баримтлал, арга зүйгээр өргөжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, судалгааны байгууллага, судлаачид, гадаад, дотоодын их, дээд сургуулийн хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой юм.
Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль 1993 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны санаачилгаар Хөдөлмөрийн дээд сургууль нэртэй анх байгуулагдсан бөгөөд бакалавр, магистрын түвшинд олон жилийн турш мэргэжилтэн бэлтгэж иржээ.