Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 18-ны 10.00 цагт товлосон ч тодорхой шалтгааны улмаас хойшлууллаа. Шүүгдэгч Д.Батбаяр, Т.Баясгаланд нарын өмгөөлөгч Э.Энххэрлэн, Г.Баяржаргал нар Баянгол дүүргийн шүүхэд явагдаж буй 30 шүүгдэгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Билгүүн, мөн өмгөөлөгч Г.Должинсүрэн, Ж.Оюунболд нарын шүүх хуралдаан давхардсан тухай баримт ирүүлснийг харгалзан үзжээ. Улмаар шүүх хуралдааныг 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 09.00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эргэн сануулахад, Кёкүшюзан Д.Батбаяр нарыг 32.7 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сараас шалгаж эхэлсэн. Тодруулбал, Кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчаар ажиллаж байсан Н.Болормаа, "Сайхан ордос туурь" ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьсан гэдэг. Тодорхой хэлбэл, Зам-Үүдэд чөлөөт бүс байгуулах 50 мянган га талбайг БНХАУ-ын “Евроази интернэшнл инвестмент групп”-д 80 жилийн хугацаатай ашиглуулахаар гэрээ байгуулсан байдаг. Харамсалтай нь уг гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд Д.Батбаяр тухайн үеийн Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар зурсан гэдэг. Улмаар 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс Д.Батбаяр нарт төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр урьдчилгаа төлбөр болгож, их хэмжээний мөнгө өгсөн аж. Харин Д.Батбаяр нар бичгээр өгсөн амлалт, баталгаануудаа хэрэгжүүлээгүй гэдэг.