Иргэд гэр орон, ахуйн нөхцөлд санамсаргүй байдлаар осолдох, гэмтэх тохиолдол их байна. Тодруулбал энэ оны эхний 10 сарын байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авсан үйлчлүүлэгчдийн 45.9 хувь буюу 41 794 нь гэртээ байхдаа санамсаргүй тохиолдлоор гэмтэж, эмнэлгийн тусламж авсан байна. Мөн манай улсад гарсан нийт осол гэмтлийн 86 хувийг болгоомжгүйгээс ахуйн нөхцөлд гэмтэх тохиолдол эзэлж байна.
Иймээс ахуйн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн Газрын 2018 оны 163 дугаар тогтоолоор батлагдсан “Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр III”-ийн үйл ажиллагааны чиглэл 1-ийн 1.1.2-т заасны дагуу “Ахуйн орчин дахь осол гэмтэлд өртөж болзошгүй эрсдэлийг үнэлэх, заавар боловсруулах, хэрэгжүүлэх” -ээр болсон байна.
Энэхүү ажлыг Эрүүл Мэндийн Яам, Гэмтэл согог судлалын үндэсний төв санаачлан Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран эрсдэлийг үнэлэх үнэлгээний заавар, хяналтын хуудас боловсруулах ажлын хэсгийн санал хэлэлцэх уулзалт боллоо.
“Ахуйн орчин дахь осол гэмтлийг үнэлэх заавар, хяналтын хуудсыг” боловсруулан үндэсний хэмжээнд хэрэгжүүлснээр ахуйн орчин дахь осол гэмтлийн өвчлөл, нас баралтыг бууруулах, хянах ач холбогдолтой гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.