Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өвдөгний үеийг хэсэгчлэн болон бүрэн солих мэс засал хийхээ больжээ. Энэ нь ямар учиртайг тус эмнэлгийнхнээс тодруулахад “Зөвхөн манайх бус, улсын бусад томоохон эмнэлэгт ч энэ төрлийн эмчилгээ хийхгүй байгаа” хэмээсэн юм. Өвдөгний үе солих эмчилгээ, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын байгууллагаас олгодог хөрөнгө хүрэлцдэггүй учраас ийнхүү шийдвэрлэсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, иргэдэд ийм эмчилгээ хийх тохиолдолд эмнэлгүүд санхүүгийн алдагдалд орох эрсдэл тулгарсан учраас мэс засал хийхээ зогсоосон бололтой. Улсын томоохон эмнэлгүүд уг асуудлынхаа талаар энэ оны гуравдугаар сараас эхлэн холбогдох байгууллагуудад нь дуулгаж, нэн даруй арга хэмжээ авахыг хүссэн байна. Гэсэн ч хариу өгөөгүй, ямар нэгэн шийдвэртэй алхам хийгээгүй тул өвдөгний үе солих мэс заслыг лав энэ он дуустал хийхгүй байхаар улсын эмнэлгүүд санал нэгдсэн аж.
Бэлтгэсэн Р.Жаргалант