Нийслэлийн цагдаагийн удирдах газрынхан урд шөнө "Эргүүл" нэгдсэн хяналт шалгалт хийлээ. Тус газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгажээ. "Эргүүл" тусгай арга хэмжээ зохион байгуулж, зорчих эрх хасах ялаас оргон зайлсан нэг этгээд болон 20 зөрчил илрүүлжээ. Тодорхой хэлбэл, шүүхээс зорчих эрх хасах ялаар шийтгэгдсэн А нь цахим бугуйвчийг унтрааж, оргон зайлж явсныг олж тогтоосон аж. Мөн нийслэлийн Засаг даргын захирамж зөрчсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн, үйлчилгээний цагийн хязгаар зөрчсөн зэрэг зөрчлийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгчээ. Мөн зөрчил гаргасан нэг хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 48 иргэнд зөвлөн тусалж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 18 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.