Монгол орон даяар хамгийн олон салбар нэгжтэй ХААН банкны “Хархорин” салбарын ажилтан Т.Ууганбаатарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн даваа гарагт дахин хэлэлцлээ. Тэрбээр иргэн Г.Мөнхбаясгалан, түүний эхнэр Ц.Нямдаваа нарын 150 сая төгрөгийн зээл авах хүсэлтийг судалж, зээл олгох нөхцөлийг бүрдүүлснийхээ хариуд буюу ажлаа хийснийхээ төлбөрт зээлийн 10 хувь болох 15 сая төгрөгийг 2020 оны дөрөвдүгээр сард авсан хэрэгт холбогдсон юм. Уг нь тус шүүх өнгөрсөн зургадугаар сард ХААН банкны дээрх албан тушаалтныг зээл гаргаж өгөхдөө бусдаас хахууль авсан гэм буруутайд тооцож, нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ял оноосон. Харин түүнд авсан зээлийнхээ 10 хувийг хахууль болгож өгсөн Ц.Нямдаваа, Г.Мөнхбаясгалан нарын зорчих эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан юм. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааснаар ийнхүү дахин хэлэлцлээ. Улмаар Т.Ууганбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байна. Харин Г.Мөнхбаясгалан, Ц.Нямдаваа нарыг нийтийн албанд томилогдох эрхийг мөн хугацаагаар хасаж, зорчих эрхийг нь нэг жил хасах ял шийтгэжээ.
Хэдийгээр Г.Мөнхбаясгалан, Ц.Нямдаваа нар хахууль өгснөө илчилж хууль хяналтын байгууллагад хандсан боловч хясан боогдсоны улмаас хахууль өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болоогүй аж.
Бэлтгэсэн Г.Равжаа