АТГ-ынхан өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдаас хахууль авч байсан гэх хэрэгт холбогдуулан албадан саатуулж шалгаж эхэлсэн билээ. Тэрбээр ХӨСҮТ-д ажилд орох хүсэлт гаргасан олон хүнээс мөнгө авч, ажилд томилуулдаг байсан хэрэгт холбогдсон юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрбээр Б.Алтансувд, Г.Гэрэлчимэг, Г.Шүрхүү, Г.Отгонцэцэг, Х.Мөнхтуяа, Б.Нарханд, Ц.Лхагваням, М.Баясгалан, Н.Эрдэнэсувд, Н.Отгонсувд, Ч.Оюунчулуун зэрэг хүнээс нярав Н.Нарангэрэлээр дамжуулан мөнгө авсан нь тогтоогдсон аж. Тухайлбал, ХӨСҮТ-ийн Хангамж үйлчилгээ, инженер, технологийн албанд Ц.Лхагванямыг засалчнаар томилохдоо 500 мянга, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн тасагт Н.Отгонсувдыг үйлчлэгч болгохдоо 700 мянга, Сүрьеэгийн клиникийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт асрагчийн ажилд орсон Б.Алтансувдаас нэг сая гэх мэтээр асрагч, үйлчлэгч, угаагч, техникч зэрэг ажилд орсон хүмүүс, тэдний ээж, эгч нараас нь нийт 8.6 сая төгрөгийн хахууль авсан нь батлагдсан гэнэ.
НПГ-аас И.Орхон, Н.Нарангэрэл, Б.Алтансувд нарт Эрүүгийн хуулийн 22.4-2-т заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан”, бусад 10 хүнд нь 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Энэ хэргийн яллагдагч 13 хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд И.Орхоны нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 15 сая, Н.Нарангэрэлийн уг эрхийг мөн хугацаагаар хасаж, 10 сая, Б.Алтансувдын төрд ажиллах эрхийг хоёр жил зургаан сар хасаж, Улаанбаатар хотоос гадагш зорчих эрхийг нэг жил хассан байна. Харин бусад 10 хүний нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасан, Улаанбаатараас гадагш зорчих эрхийг нь зургаан сар хязгаарлалаа.
Бэлтгэсэн Г.Равжаа