ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн албан тушаалтнууд байсхийгээд л авлига, албан тушаалын хэрэгт холбогддог. Тийм нэг албан тушаалтны хэргийг АТГ-ынхан шалгаж дуусан, НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ. АТҮТ-ийн Архив лавлагааны тасгийн ахлах мэргэжилтэн байсан Г.Эрдэнэбулаг нь бүртгэлийн мэргэжилтэн Л.Хантайшир болон найз Н.Энхгэрэлтэй нартай хамтран иргэн Х.Ариунбаярын “Мицүбиши монтеро” загварын тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгохдоо 500 мянган төгрөгийн хахууль авчээ. Х.Ариунбаяр нь уг автомашиныг гадаадын иргэнээс бэлгэнд авсан хэмээдэг бөгөөд Монгол Улсын хил, гаалиар хэрхэн оруулж ирсэн нь тодорхойгүй байдаг аж. Улмаар 2018 оны гуравдугаар сард бүртгэлийн мэргэжилтэн Л.Хантайшир 8307 УНМ улсын дугаар олгосон гэх бүртгэл хийсэн бол Г.Эрдэнэбулаг ахлах мэргэжилтний эрхээрээ нэвтэрч 4007 УНМ улсын дугаар сольж олгосон байгаа юм. Гаалиар оруулж ирсэн бүртгэл, бичиг баримтгүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэж, дугаартай болгохын тулд Х.Ариунбаяр уг мөнгөө Н.Энхгэрэлээр дамжуулж АТҮТ-ийн Архив лавлагааны тасгийн ахлах мэргэжилтэнд өгсөн байна.
Мөн Баянхонгор аймгийн иргэн С.Мэндбаяр “Мицүбиши супергрийт” загварын автомашиндаа 9954 БНА гэсэн улсын дугаартай атлаа түүнийгээ сольж, 9000 БНН гэсэн “азын” гэх ижил тоотой дугаар авахаар Ч.Уранчимэг гэх хүнээр дамжуулан Г.Эрдэнэбулагт 600 мянган төгрөгийн хахууль өгсөн аж. Иргэн С.Саруул “Лексус” автомашиныхаа 0328 гэсэн дугаарыг 9779 УАН улсын дугаараар сольж авахын тулд дээрх эмэгтэйгээр дамжуулан АТҮТ-ийн Архив лавлагааны тасгийн ахлах мэргэжилтэнд 800 мянган төгрөг өгчээ. Энэ мэтээр автомашинд нэгэнт олгосон улсын дугаарыг өөрчилж, албан тушаалаа урвуулан ашиглаж хахууль авч байсныг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн байна. Прокурор хавтаст хэрэгтэй танилцаад Г.Эрдэнэбулагт Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулан ашигласан, 22.4-4-ийн бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бол түүнд хахууль өгч автомашиныхаа дугаарыг “азын” болгосон 6-7 хүнд албан үүрэгтэй нь холбогдуулж нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт бичин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Бэлтгэсэн Г.Равжаа