Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Оюутболдыг АТГ-ынхан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Энэ талаар холбогдох байгууллагынхнаас тодруулахаар хандахад ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Харин орон нутгийн эх сурвалжууд “АТГ-ынхан ирж манай аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Оюутболдыг шалгаад явсан. Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэж шалгаж эхэлсэн хэмээн аймгийн төвийнхөн ярилцаж байна. Баянхонгор аймгийн төвд Б.Оюутболд хурандаагийн бариулж, ашиглалтад оруулсан гэх нэг бус орон сууц байдаг. Өдгөө ч алба хаагчдадаа зориулан барилга бариулж байгаа. Түүгээр ч зогсохгүй хуучин байшин худалдаж авч засуулаад Баянхонгор аймгийн Автотээврийн төвд өндөр үнээр шахсан гэх яриа ч бий. Энэ бүхнийг нь АТГ-ынхан шалгаж, нэг тийш болгохоор мөрдөгчдөө явуулсан бололтой. Өөр бас бус зүйл ч бий. Энэ бүхний үнэн, худлыг АТГ-ын мөрдөгчид шалгаж тогтоох биз” гэсэн мэдээлэл өгөв.
Өмнө нь мөн л алтны уурхайтай холбоотой хэл аманд орооцолдож, тус аймгийн Цагдаагийн газрын даргын албан тушаалаас шилжин, Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгээр буцаж Баянхонгорын Цагдаагийн даргаар томилогдсон гэх ярианы эзэн хурандаа Б.Оюутболд үнэхээр хууль зөрчсөн үү, үгүй юү гэдгийг АТГ-ынхан нээсэн хэрэг бүртгэлтийнхээ хэргийн явцад тодорхой болгох биз ээ.
Бэлтгэсэн Г.Равжаа