Эрүүл мэндийн шалтгаанаар хэмээн тодотгож, энэ сарын эхээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад буй Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг нэг бус үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол прокурор баталжээ. Түүгээр ч зогсохгүй энэ долоо хоногийн эхэнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн уг тогтоолыг яллагдагч нарт танилцуулсан байна.
Ш.Оргилыг орон нутагтаа алт олборлогчдод зөвшөөрөл олгоход нөлөөлж, бусдаас хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт анх 2019 онд шалгаж эхэлсэн ч өөр нэг холбогдогчийнх нь үйлдлээс тусгаарласан гэдэг. Харин энэ удаа өөр үндэслэлээр яллагдагчаар тооцсоныг баттай эх сурвалжууд мэдээлж байна. Тухайлбал, 2019-2020 оноос шалгаж байсан хурааж, улсын орлого болгосон дэрвэгэр жиргэрүүг бусдад худалдсан хэрэгт холбогдуулсан аж. БОАЖ-ын сайдын тушаал гарч, түүж бэлтгэхийг хориглосон, Монгол орны ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг хэд хэдэн сумын нутгаас нь хууль бусаар түүж бэлтгэсэн хүмүүсийг хууль хяналтын байгууллагынхан саатуулж, барааг нь багаж хэрэгсэлтэй нь хураасан байдаг. Түүнийг нь улсын орлого болгож, дуудлага худалдаагаар борлуулахдаа зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, танилынхаа аж ахуйн нэгжид зарсан гэж буруутгасан талаар бид 2020 оны нэгдүгээр сард мэдээлж байв. Уг хэрэгт Ш.Оргилтой хамт Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга асан, өдгөө аймгийн Засаг даргад нэр дэвшихээр яригдаж буй Ж.Отгонхүү, Цагдаагийн газрын дарга, хурандаа А.Энхбат, Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа С.Батжаргал зэрэг албан тушаалтныг яллагдагчаар тооцсон гэнэ.
Үүнээс гадна Ш.Оргилыг бусдаас 10 сая төгрөгийн хахууль авсан гэж буруутгаж буй аж. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь хилийн боомтын автозамыг шинэчлэн өргөтгөж буй аж аж ахуйн нэгжийнхнийг шантаажилж уг мөнгийг авсан хэрэгт яллагдагчаар тооцжээ.
Бэлтгэсэн Г.Равжаа