Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх даргаа хөнөөсөн цэргийн алба хаагчдын гэм бурууг хоёр өдөр хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Прокуророос О.Хатантэнгист Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 28.7 дугаар зүйлийн 2, 28.15 дугаар зүйлийн 1, 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн бол Т.Мөнгөншагайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1, 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллахаар шүүхэд дүгнэлтээ хүргүүлжээ. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг энэ сарын 15-ны өдөр эхэлж, ажлын цаг дууссан тул арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 09.00 цагт үргэлжлүүлсэн байна. Шүүхээс шүүгдэгч О.Хатантэнгис, Т.Мөнгөншагай нарыг дээр дурдсан хэргүүдэд гэм буруутай гэж үзлээ. Ингэхдээ О.Хатантэнгист Эрүүгийн хуулийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил, 28.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас, мөн Т.Мөнгөншагайд оногдуулсан Эрүүгийн хуулийн 28.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлжээ. Улмаар шүүгдэгч О.Хатантэнгист 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. Харин шүүгдэгч Т.Мөнгөншагайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольжээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, 2021 оны дөрөвдүгээр сарын 21-нд алба хааж байсан цэргүүд Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн 0214 дүгээр ангийн заставт үүрэг гүйцэтгэж байсан харуулын даргаа хөнөөж, зэвсэглэн зугтсан. Улмаар замдаа айлаас мотоцикл, хүнс зэргийн дээрэмдсэн хэрэг үйлдсэн юм.