Халдварт өвчин судлалын үндэсний төвд сүүлийн 10-аад жил дорвитой засвар хийгээгүй байна. Эднийх 9 га газарт 31 барилга, байгууламжтай бөгөөд сүүлийн найман жилийнх нь барилгын засварын төсөв нэг тэрбум орчим төгрөг байсан нь энэ олон барилга байгууламжийг засахад хүрэлцэхгүй тоо юм.
2020 онд ЭМЯ-ны санхүүжилтээр 807 сая төгрөгөөр засвар хийсэн бол 2021 онд нийт 830 сая төгрөгөөр дээвэр, барилгын их засвараа хийжээ.
Харин саяхнаас Эрүүл мэндийн салбарт санхүүгийн шинэчлэл хийж, гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоонд шилжээд буй. Үүний үр дүнд тус эмнэлгийн үйлчилгээний санхүүжилт болох 1.6 тэрбум төгрөгөөр 11 төслийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөөд байгаа аж. Одоогийн байдлаар дөрвөн төслийн ажил нь 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй явж байгаа гэнэ. Харин үлдсэн 7 төслийн бэлтгэл ажлаа бүрэн хангажээ.
ХӨСҮТ нь халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт, тандалт судалгаа, оношлогоо, эмчилгээний асуудлыг үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий тусгай мэргэжлийн төв байгууллага юм.
70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй засварын ажил:
Дээврийн засвар:
- Шинэ болон дахин сэргэж буй халдварын тасаг,
- Гэдэсний халдварын тасаг, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны байр,
- Хоол үйлдвэрлэлийн тасагт засвар хийжээ.
Их засвар:
- Хоол үйлдвэрлэлийн тасаг
- Амбулаторийн тасгийн хүлээлгийн танхимд их засвар хийсэн байна.
Түүнчлэн Засгийн газрын нөөц сангаас шийдвэрлэгдсэн хөрөнгө оруулалтаар Сүрьеэгийн клиник зэрэг нийт таван байгууламжид шинээр цахилгаан шат суурилуулах ажлыг хийж байгаа юм байна.