Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Ариун монгол” компанийн 500 грамм болон 1 кг-аар савласан “Норов 7”, “Мана 4” танг Монгол Улсын эмийн жагсаалтаас хасах санал хүргүүлснээ эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын дүнг мэдээлэх үеэрээ хэллээ. Учир нь иргэн, ААН байгууллагууд 500 грамм болон 1 кг-аар савласан "Норов-7", "Мана-4" танг эмийн үйлдвэрээс худалдаж аваад, жижиглэнгээр савлаж зарж, хаяг шошгын зөрчил үүсгэдэг аж. Харин дээрх эмийг жижгээр савлаж байгаа эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагууд байдгийг нэмж мэдээлэв. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг нийслэлийн алслагдсан дүүргүүдэд хийж 120 орчим эмчийн сан байдгаас 92-ыг нь хамруулжээ.
Уг шалгалтаар эмийн сангуудаар худалдаалагдаж буй эмүүдийн хангамж, үнэ, чанар ямар байсан талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "25-30 нэрийн импортоор орж ирдэг өргөн хэрэглээний эм болон тариурууд тасарсан байна. Жишээлбэл, бактерийн, мөөгөнцрийн эмүүд, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын хоёр эмийн үйлдвэрийн судсаар сэлбэх 10 орчим тарилгын шингэн ховордсон. Өргөн хэрэглээний эмийн судалгаанаас үзэхэд эм ханган нийлүүлэх байгууллагуудаас татан авсан үнийн дүн дээр эмийн сангууд 10-30 хувийн нэмэгдэлтэй байхаар тооцон худалдаалдаг. Мөн Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас вирусийн эсрэг эмийн үнийн дээд хязгаарыг тогтоосон байдаг. Уг хязгаараас давсан буюу 350-2,500 төгрөгөөр хэтрүүлэн худалдаалж байсан зөрчил Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг компаниудын эмийн сангаас илэрсэн.
Хяналт шалгалтын явцад нийт 87 зөрчил илрүүлж, газар дээр нь 36 хувь буюу 42-ийг арилгуулах арга хэмжээ авсан. 22 ААНБ-д 45 заалт бүхийн улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг гурван газар өгч хэрэгжилтэд хяналт тавин ажилласан. Эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаар сунгуулаагүй нэг компанид зөрчлийн тухай хуулиар 3000 нэгжтэй тэнцэх, гарал үүсэл нь тодорхойгүй эм худалдаалсан нэг эмийн санд 1000 нэгжтэй тэнцэх, тусгай зөвшөөрөлгүйгээр иргэнд эм борлуулсан “Ариун монгол” компанид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан” гэв.