Албан тушаалаа урвуулж, бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт яллагдагчаар татагдсан “Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярваа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ. АТГ-ынхан өнгөрсөн сарын 18-нд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албан өрөөнд нь нэгжлэг хийж, 6-7 сая төгрөг, 30 000 орчим ам.доллар хурааж авсан билээ. УИХ-ын гишүүн асан, дээрх компанийн гүйцэтгэх захирал болсон Д.Хаянхярваа бусдыг шантаажилж их хэмжээний хахууль авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд өчигдөр хавтаст хэргийг нь НПГ-ын хяналтын прокурорт хүргүүлсэн байна. Тэрбээр Говьсүмбэр аймгийн нутаг дахь, “Эрдэнэс Монгол” компани, Хонконгийн хөрөнгө оруулалттай “Эйкүсора” гэх компанитай 50:50 хувийг хамтран эзэмшдэг Шивээ-Овоогийн нүүрсний ордын олборлолтыг эхлүүлэх зөвшөөрөл өгөхгүй хясан боогдуулж Хятадын талын хөрөнгө оруулагчаас нь их хэмжээний валют хахуульд авсан агаад түүнд мөнгө өгснөө илчилж өмнөд хөршийн иргэн АТГ-т гомдол гаргасан юм. Д.Хаянхярваатай хамт туслах н.Уртнасан гэх хүнийг ч шалгасан билээ. Түүнчлэн Д.Хаянхярвааг Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэсэн 200МВт-ын чадалтай цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэхийн тулд Н.Отгонбаатар гэх хүнд давуу эрх олгож, түүнээс гурван удаагийн үйлдлээр нэг сая ам.доллар хахуульд авсан хэрэгт ч буруутгасан юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэснийг үндэслэн Д.Хаянхярваа өмгөөлөгчийнхөө хамт хүсэлт бичсэнээр шүүх хэргийг нь тун удахгүй хэлэлцэн шийдвэрлэж хөнгөн ял оноох хууль үйлчилж буй билээ.
Бэлтгэсэн Г.Равжаа