Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн 0214 дүгээр ангийн … дугаар заставт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч О.Хатантэнгис, Т.Мөнгөншагай нарт холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцлээ. Тэд энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд харуулын даргаа буудаж хөнөөгөөд, буу, байлдааны сумтай оргон Аж богдын нурууны салбар ууланд бүгэж байгаад тухайн сарын 11-ний өглөө баригдсан билээ. Тэдэнд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1-2.4 дэх хэсгийн “Өөр гэмт хэргийг хялбарчлах, нуун далдлах зорилгоор хүний амь бүрэлгэсэн”, 17.2-3.2-т заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эд хөрөнгө дээрэмдсэн”, 28.5-1-ийн “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан”, 28.7-2-ын “Цэргийн алба хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг үрэгдүүлсэн”, 28.15-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн алба хаагч хил хамгаалах хууль, түүний дагуу гарсан дүрэм, журмыг зөрчсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
Шүүх хурал өчигдөр 10.00 цагт эхэлсэн бөгөөд 19.20 цагт О.Хатантэнгис, Т.Мөнгөншагай нарын гэм буруутай, эсэх дүгнэлтээ гаргахаар шүүгч нар зөвлөлдөх тасалгаанд орсон юм. Манай сонины дугаар шилжих мөчид (22.00 цагт) шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дуусаад шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцон өнөөдөр үргэлжлүүлэхээр завсарлав.
Мөн энэ өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газраас хууль зөрчин ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн хэрэгт холбогдсон 30 хүний гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хууль бусаар гянтболд олборлож, БНХАУ руу гаргасан, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх хэрэгт УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын дарга, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга асан Ч.Батсансар, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тэргүүтэй хүмүүсийг буруутгасан. Шүүх хурал эхлэхийн өмнө дээрх 30 хүний зарим нь, мөн тэдний өмгөөлөгч нар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргээ хэлэлцүүлэхгүй хэмээн татгалзсан. Гэвч тус шүүхийн нийт шүүгч зөвлөлдөөд тэдний татгалзал үндэслэлгүй хэмээн хурлыг үргэлжлүүлэн шүүгдэгчдийн биеийн байцаалттай танилцаж, яллах дүгнэлтийг нь уншиж сонсгосон юм. Эл шүүх хурал нэлээд олон хоног үргэлжлэх бололтой.
Бэлтгэсэн Г.Орчлон