Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлсэн томоохон аж ахуйн нэгжүүдийн удирдлага өнгөрсөн баасан гарагт батламжид гарын үсэг зурав. Эхний ээлжид нэр бүхий 21 аж ахуйн нэгж 608 сая 500 мянган мод тарьж ургуулахаа батламжиллаа. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК 180, “Эрдэнэс Оюутолгой”, “Оюутолгой”, “Болдтөмөр Ерөө гол” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100, “Энержи ресурс” 40, “Өсөх зоос” ХХК 30, “Саусгоби сэндс” ХХК 15 сая мод тарих нь. Мөн “Степ гоулд” ХХК 10, “Тавантолгой” ХК зургаа, “Бадрах энержи”, “Эрдэнэс Монгол” ХХК тав, “Бороо гоулд”, “Эрдэнэс силвер ресурс” гурав, “Бүрдэл майнинг”, “Алтайн хүдэр” ХХК 2.5, “Монголросцветмет” ТӨҮГ хоёр, “Монполимет групп”, “Багануур” ХК, МоЭнКо”, “Платинум ланд” ХХК нэг сая, “Шивээ овоо” ХК 500 мянган мод тарих гэнэ. Ингэснээр тэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, мод тарьж ургуулж, цаашид арчлан хамгаалахаа баталгаажуулж буй аж. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яам аж ахуйн нэгжүүдийг мод тарьж ургуулах арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмжөөр хангаж, бүх талаар дэмжих юм байна.
Ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан болон албаны бусад хүн оролцов. Мод тарьж, ургуулахаа баталгаажуулсан баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлсэн. Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь мод тарьж, ургуулах, хамгаалахаас гадна эдийн засгийн зөв хөшүүрэг ашиглан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулахад тустай төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид үүнд оролцох нь байгаль орчны доройтлоос үүсэх эрсдэлийг бууруулах, бизнесээ тэлэх, ногоон технологи, инновац нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй ногоон санхүүжилт татах, дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой” хэмээн онцолсон юм.
Бэлтгэсэн У.Наран