Улаанбаатарын иргэдийн ирэх хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж 2020-2021 оны намар, өвөл 15 000 тонн орчим мах нөөцлөхөөр төлөвлөснийг нийслэлийн ЗДТГ-аас мэдээлж байв. Түүнчлэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 15 аж ахуйн нэгжийн 10 000 тонн мах бэлтгэх санхүүжилтийг бүрэн шийдсэнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас танилцуулсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн байдлаар аж ахуйн нэгжүүд 5500 тонн мах бэлтгэж нөөцөлсөн гэнэ. Улмаар ирэх бямба гаргаас эхлүүлэн нэг сарын хугацаанд Улаанбаатарын зургаан дүүрэгт, 31 байршилд махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах бэлтгэл хангажээ. Энэ үеэр махнаас гадна сүү, цагаан идээ, орон нутгийн онцлог бүхий бүтээгдэхүүнийг иргэд аль болох хямд үнээр худалдан авах болон хөргөгч, хөлдөөгчийг зээлээр авах боломж бүрдүүлэх юм байна.
Бэлтгэсэн С.Дулам