ЭМЯ-наас “Ковид-19”-ийн дараах нөхөн сэргээх эмчилгээг хэрхэн хийх тухай зөвлөмж яагаад гаргахгүй байна вэ. Мэдэх хүнгүй болов уу, эс бөгөөс ажилтан, мэргэжилтэн дутаад байна уу. ДЭМБ өнгөрсөн наймдугаар сард энэ тухай зөвлөмж гаргасан. Үүнээс хойш удалгүй улс орнууд нөхөн сэргээх эмчилгээг үндэсний хэмжээнд хэрхэн хийх тухай зөвлөмж гаргаж, эмнэлэг, сувиллын газрууд нь ажиллаад эхэлсэн. Аль ч улсад эхэндээ коронавирусийн тархалтыг намжаах, зогсоох, гарз хохирол аль болох бага байлгахын төлөө тэмцсэн. Харин одоо “Ковид-19”-өөр өвдсөн хүмүүсийг хэрхэн эрүүлжүүлэх тухайд эрүүл мэндийн салбарынхаа бодлогыг чиглүүлж байна.
Манай улсад нөхцөл байдал ямар байгааг бүгд мэдэж буй. Хөл хорио байхгүй ч үндсэндээ “хил хорио”-нд орчихсон тул эм, эмнэлгийн хэрэгслийн дутагдалд орсон. Улсын томоохон эмнэлгүүдэд олон төрлийн шинжилгээ хийж чадахгүй байна. Хувийн эмнэлэг, лабораториудын зарим нь амиа аргацааж байгаа бол олонх нь наад захын бодис, урвалжаар дутагдсаар. Ийм байдал үүсвэл яах вэ гэсэн Б хувилбар, тактикгүй байснаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах гэсэн хүн бүрт хүрч ажиллаж чадахгүйд хүрсэн. Гэхдээ бүхий л эмнэлэг “Ковид-19”-ийн дараах нөхөн сэргээх эмчилгээг хийхгүй байна уу, гэвэл үгүй аж. Хувийн хэвшлийн зарим нь аль хэдийн ажилдаа оржээ. Туршлагаасаа хуваалцахыг хүсэхэд “Дэмий байх аа. ЭМЯ зөвлөмжөө гаргаж, түгээгээгүй байхад өмнөөс нь ярьж байгаа юм шиг дуугараад яах вэ. Дараа нь болъё. Бид ДЭМБ-ын гаргасан удирдамжийн дагуу өөрсдөө зөвлөмж боловсруулсан” гэж байх юм. Нэг бус нь “Яамнаас зөвлөмж гаргахаар түүнийх нь дагуу тусламж, үйлчилгээ хэрэгтэй хүмүүсийг хүлээж авч эхэлнэ” гэсэн байр суурьтай байна.
Өнгөрсөн есдүгээр сарын эхээр УОК-ын шуурхай хуралдааны үеэр дарга С.Амарсайхан нь “Ковид-19” бизнес болчихлоо. Хүмүүс энэ чиглэлээр дагнан үйлчлэх эмнэлэг байгуулна гээд, ЭМЯ-ны дарга нар ч нэгдчихсэн явна” гэх зэргээр хэлж байсан. Өнөөдөр харахад бизнесийн утгаар ч болов нөхөн сэргээх эмчилгээ хийж, үйлчилгээ үзүүлэх эмнэлэг, эмч, ажилтан ихээхэн шаардлагатай байх шиг. Яагаад гэхээр “Ковид-19” нь нэг удаа сандаргаад, борооны дараах үүл шиг сарнин алга болдог өвчин биш гэдэг нь бүхий л талаар нотлогдсоор. Энэ талаар дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн чиглэлийн томоохон институтүүд удаа дараа мэдэгдэж буй. Тийм ч учраас ДЭМБ-аас энэ өвчний дараа нөхөн сэргээх эмчилгээ зайлшгүй хийх шаардлагатай хэмээн үзэж, зөвлөмж ч гаргасан. Манай улсын ЭМЯ-наас ч зөвлөмж гаргахаар ажиллаж буй гэнэ. Өнгөрсөн наймдугаар сараас л үүнийг гаргана гэж ярьсан ч өдий хүртэл таг чиг. Уг нь үүнийгээ бэлэн болгочихвол төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүд “Ковид-19”-өөр өвдөөд эдгэсэн хүмүүст эмчилгээ хийх үүд хаалга нээгдэх бололтой. “Дөрөвдүгээр эмнэлэг” нэртэй хувийн хэвшлийн байгууллага 76 эмч, ажилтантай үйл ажиллагаагаа удахгүй эхлүүлэх гэж буй мэдээлэл байна. Энэ цөвүүн цагт хүний нөөцийн нэлээд боломжийн бүрэлдэхүүнтэйгээр эмнэлэг байгуулж, “тулаан”-д орохоор зэхэж буйг хоёр янзаар харж болохоор. Нэгт, “Ковид-19”-д дөрөөлсөн бизнес цэцэглэх нь гэхээр. Нөгөөтээгүүр, ингээд ч болов иргэдэд үйлчлэх нь юутай сайн гэхээр.
Коронавирусийн халдвар, өвчлөл нь өнөөгийн хүн төрөлхтний туулах зам болсон мэт бөгөөд дэлхий дээр амьдрах дүрмийг өөрчлөгч хүчин зүйл болсныг хаана хаанаа ойлгосон. Хүмүүс эрүүл байж гэмээнэ цаашид амьдарна. Эрүүл байхын тулд сүүлийн үед байнга ярьж байгаачлан дархлаа сайтай байх ёстой. Мөн үл ялиг ч болов зовуурь байгаа бол эмчлүүлэх хэрэгтэй. Учир нь “Ковид-19” ихээхэн уршиг тарьж буй аж. Халдвар авсны дараа, өөрөөр хэлбэл, өвчний эхэн үед эмчлэх зуур вирус организмд үржих нь аажим багасаж, улмаар халдварлах чадваргүй болно. Ингээд эмчилгээ болон биеийн эсэргүүцлийн хүчээр организм илаарьшдаг байна. Гэхдээ зарим тохиолдолд организмын үйл ажиллагаа бүрэн сэргэдэггүй нь ядрах, дотор муухайрах, хоолны дуршил муудах, зүрхний хэмнэл алдагдах, ханилга намдсан ч бүрэн арилахгүй байх, улмаар шалтгаангүй мэтээр ухаан алдаж унах зэрэг сөрөг үр дагавраар илэрч буй аж. Ийм шинж тэмдэг илэрч буй хүмүүсийг олон улсад “long covid” буюу урт хугацааны “ковид”-той хэмээн нэрлэх болсноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Байдал ийм байтал манай улсын ЭМЯ иргэддээ болон эмнэлгийн байгууллагад мэдээлэл өгөхгүй, улмаар “Ковид-19”-ийн дараах нөхөн сэргээх эмчилгээг хэрхэн хийх тухай зөвлөмжийг ч эртхэн гаргаж, удирдамжаар хангахгүй өдий хүрч буй нь тун чамлалттай.
ДЭМБ-ын судалгаагаар “Ковид-19”-өөр өвдсөн хүмүүсийн олонх уушги, зүрх, судас, мэдрэлийн системийн доголдолтой болж буй аж. Мөн тулгуур эрхтэн болон бөөрний үйл ажиллагааны алдагдал анхаарал татаж буй юм байна. Вируст хамгийн түрүүнд олзлогддог эрхтэн нь уушги. Эмчилгээний үр дүнд эдгэсэн гэж үзэх авч ямар нэгэн үлдцээс болж уг эрхтэн хүчилтөрөгчөөр байнга “өлсөж”, улмаар организмын үйл ажиллагаа тэр хэрээр доголддог байна. Ийм учраас нөхөн сэргээх эмчилгээ зайлшгүй шаардлагатай.
“Ковид-19”-өөс үүдэлтэй эрүүл мэндийн гажгийг өвчний ид үед организмд хор хөнөөлтэй эм, тариа хэрэглэснээс шалтгаалсан, эдгэрсний дараах гэсэн хоёр хэсэгт хуваан авч үзэж буй аж. Аль ч ангиллын тухайд асуудал 60-аас дээш насныханд илүүтэй их байгаа гэнэ. Мөн чихрийн шижин, тархины судасны нарийсалт, бодисын солилцооны өөрчлөлттэй болон архаг хууч өвчтэй, тамхи татдаг, хар тамхи болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг бол наснаас үл хамааран “Ковид-19”-ийн дараах эрсдэлд барьц алдах магадлалтай юм байна. Тиймээс ийм шалтгаантай хүмүүс өөртөө урьд өмнөхөөс илүүтэй анхаарч, үл ялиг төдий өөрчлөлт мэдэгдэх л юм бол эмчид хандаж, зөвлөгөө авч, шаардлагатай бол шинжилгээ хийлгэн, онош тогтоолгох хэрэгтэй гэнэ. Өөрчлөлт гэдэг нь халуурах, цээжээр өвдөх, зүрхний хэмнэл алдагдах, цусны даралт ихсэх болон багасах, ихэд ядрах, хөлрөх, огиулах, арьсны өнгө цайрах, яс болон судсаар өвдөх, хавагнах, тууралт үүсэх гэх мэтийн шинж тэмдэг илрэхийг хэлж буй.
Ер нь эдгээр шинж тэмдэг мэдэгдэхгүй ч “Ковид-19”-өөр өвдсөн хүмүүс заавал эмчид үзүүлж, хэсэгтээ хяналтад байх нь зохистой хэмээн олон улсад зөвлөж байна. Харин ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, тайван, эрч хүчтэй байх аваас эмнэлэгт заавал үзүүлэхийн шаардлагагүй аж.
Энд дурдсан шинж тэмдгүүдийг анзаарахад одоогоос жил гаруйн өмнө эрүүл мэндийн байгууллагуудаас олон нийтэд хандан гаргаж байсан анхааруулга, сэрэмжлүүлэг мэт. Гэтэл ялгаатай. “Ковид-19”-ийн дараа ийм байдалд орох магадлалтай ч гагцхүү бусдад халдвар тараахгүй. “Ковид-19” бүрэн эдгээгүй юм байна хэмээн ойлгож, эмчлүүлэх хэрэгтэй байх нь. Тийм учраас олон улсын эрдэмтэд үүнийг “long covid” буюу урт хугацаанд үргэлжилж буй “Ковид” хэмээн нэрлээд буй аж. Бүдүүлгээр зүйрлэхэд амны уншлага болсон коронавирус хэдэн янзаар хувирч, сүүлдээ юу нь мэдэгдэхээ байснаар ийм эмх замбараагүй байдал үүсгэжээ.
Нөхцөл байдал ийм байхад “Ковид-19”-ийн дараах нөхөн сэргээх эмчилгээг хэрхэн хийх тухай зөвлөмж ч үгүй сууж байгааг юу гэж ойлгох вэ. “Гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэдэг. Эмнэлгүүд ДЭМБ-ын зөвлөмжийг үндэслэн эмчилгээ хийж, үйлчлээд байгаа хэрнээ энэ тухайгаа ярьж чадахгүй, туршлага хуваалцах аргагүй байна. Энэ нь ЭМЯ урагш ахихгүй хэрнээ бусдад ярдаг хашин морь шиг хүнд суртлын байгууллага болсныг илтгэх мэт.