Монгол Улсын Засгийн газраас “Цахим үндэстэн” болохоо зарлаж, цар тахлын хөл хориогоо ч мартан цэнгэн хөгжилдсөн нь саяхан. Гэтэл “цахим үндэстний” мэдээлэлд гадаадын хакерууд халдаж, 2.3 сая иргэний хувийн мэдээллийг хулгайлаад зогсохгүй өнгөрсөн долоо хоногт Төвбанкны албан ёсны цахим хуудас руу ч довтолж, ажиллагааг нь саатууллаа. Монголбанкны цахим хуудсанд энэ сарын 11-ний пүрэв гарагт Курдистаны автономит улсын гэх “Team 1877” бүлгэмийн хакерууд халдсан хэмээн хэвлэлүүдэд мэдээлж буй.
Тэгвэл Монгол Улсын 2.3 сая иргэний нэр, утас, регистрийн дугаар, мэйл, гэрийн хаяг, банкны данс болон хувийн бусад мэдээлэл ч хулгайд алдагдаж, raidforums.com гэсэн хакеруудын цахим хуудсанд “Монголын иргэдийн дөрвөн сая бичлэг бүхий мэдээллийг 700 ам.доллароор худалдана” гэсэн зар энэ сарын 10-нд байршуулсан байв. 2.3 сая хүний мэдээлэл нь 2021 онд хамаарна гэж тэд цахим хуудсандаа тодотгожээ. Үүнтэй холбоотойгоор ТЕГ-аас сэрэмжлүүлэг гаргажээ. Сэрэмжлүүлэгт “Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээллийг 700 ам.доллароор худалдах зар www.raidforums.com вэб сайтад 2021 оны аравдугаар сарын 6-нд байршсан ба энэ үеэс тагнуулын байгууллага анхааран судалж байна. Тагнуулын байгууллага нь төрийн болон албаны нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулах, хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн болон онц чухал мэдээллийн сүлжээ, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах, цахим аюул заналтай тэмцэх хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд дээрх асуудлыг шалгаж байна. Тагнуулын байгууллага нь хуульд зааснаар өмчийн хэлбэрээр ялгаварлахгүйгээр байгууллага, аж ахуйн нэгжийн аюулгүй байдлаа хангах, бизнесийн нууцаа хамгаалахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлж ажилладаг болно. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд хувь хүн, байгууллагын нууцад хамаарах мэдээллийн хадгалалт, хамгаалалт болон мэдээллийн аюулгүй байдлаа хангахад анхаарч ажиллахыг сэрэмжлүүлж байна” гэжээ.
Манай улс кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль, эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллага байхгүй, хамтын ажиллагаа дутмаг зэрэгт үндэслэн Хувь хүний мэдээлэл (өгөгдөл)-ийг хамгаалах, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг шинээр боловсруулахаар болж, нэгийг нь УИХ-д өргөн барьчихаад буй. Тэгвэл эрх зүйн орчноо боловсруулах гэсээр атал гадаадынхан урьтаж бидний хувийн мэдээллийг хулгайлах боллоо.
“Сүүлийн үеийн цахим халдлагуудад тэгш бус түлхүүр ашигладаг болсон учир ямар нэг хэрэгслээр тайлах, задлах боломжгүй. Тиймээс өгөгдлөө заавал нөөцлөн хувилж авч байхыг хүн болгон санаж явахад илүүдэхгүй. Өгөгдлөө нөөцөлсөн бол шифрлэгдсэн файлуудаа сэргээх бүрэн боломжтой” хэмээн Монголын систем администраторуудын холбооноос энэ оны нэгдүгээр сард л сэрэмжлүүлж байв. Түүгээр ч зогсохгүй 2020 онд Монгол Улс руу чиглэсэн ransomware халдлага 160 хувиар өсөж, өртсөн төхөөрөмжийн тоо 200 гарчихлаа. Энэ жил бүр илүү нэмэгдэнэ гэсэн таамаглалтай байгаа учраас хамгаалаарай гэдгийг ч тус холбооныхон сануулж байж. Гэвч холбогдох байгууллагынхан төрийн болон албаны нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулах, хяналт тавих, онц чухал мэдээллийн сүлжээ, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах, цахим аюул заналтай тэмцэх үүргээ хангалттай биелүүлээгүй, хувийн хэвшлийнхнийхээ сануулсныг төдийлөн анхаараагүйгээс манай 2.3 сая иргэний мэдээлэл харийнхны гарт орчихоод буй биз ээ. Ниргэсэн хойно нь хашхирч сэрэмжлүүлэг гаргахынхаа оронд урьдчилан сэргийлэх ажлаа сайн хийсэн бол ийм явдал гарахгүй л байсан болов уу.
Бэлтгэсэн Г.Равжаа