Олон улсын “Чингис хаан” нисэх буудлаас өчигдөр 09.25 цагт Турк улсын чиглэлд хөөрсөн “Туркиш эйрлайнс” компанийн “Боинг-737” агаарын хөлөг ослын буулт хийжээ. Хөөрсний дараа агаарын хөлгийн битүүмж алдагдсан учраас манай холбогдох байгууллагад мэдэгдэж, буцаж буух зөвшөөрөл хүссэн бөгөөд аюулгүй байдлын үүднээс нисэх багийнхан Төв аймгийн Баянцогт сумын нутаг дээгүүр 3600 метрийн өндөрт 13.00 цаг хүртэл эргэлдэхдээ түлшээ дундалж асгасан гэнэ. Өөрөөр хэлбэл, онгоцныхоо жинг багасгасан бөгөөд нисэх буудлынхны өгүүлснээр 13.00 цаг өнгөртөл хүлээлгийн нислэг үйлдсэн аж. Ингээд 13.40 цагт буухад нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлынхан баталсан дүрэм, журмынхаа дагуу аврах алба, гал сөнөөгчид зэрэг холбогдох байгууллагынхныг бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна. “Туркиш эйрлайнс” компанийн агаарын хөлгийн хаалгыг дутуу хааснаас битүүмж алдагдсан нь батлагджээ. Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын инженер техникийн ажилтнууд үзлэг хийсний дараа уг онгоцонд зорчигчдыг суулган, 15.25 цагт “Чингис хаан” нисэх буудлаас Туркийг зорин хөөрчээ.
Бэлтгэсэн Г.Орчлон