“ШУТИС-ийн Бадарч”, “ЮНЕСКО-гийн Бадарч”, “Системийн сэтгэлгээний Бадарч” хэмээн танигдсан тэрбээр НҮБ, түүний системийн байгууллагуудад D-1 зэрэглэлийн өндөр албан тушаалд томилогдсон анхны монгол хүн юм. Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, боловсролын салбарт олон жил ажиллаж, үнэмлэхүй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Д.Бадарчийг Ардын багш хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнажээ. Ийнхүү ЮНЕСКО-гийн Д.Бадарч Ардын багш болсонд олон нийт талархаж байна.
ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн дээд боловсролын судалгааны лабораторийн эрхлэгч, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор түүнийг “ШУТИС-ийн Бадарч”, “ЮНЕСКО-гийн Бадарч”, “Системийн сэтгэлгээний Бадарч” хэмээдэг. Д.Бадарч нь дээд боловсролын салбарт 25 жил ажил ажиллахдаа багшаас эхлэн ШУТИС-ийн ректор хүртэл ажиллан тус сургуулийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага, бодлого, стратегийг боловсруулан хөгжүүлж, кредит системд шилжүүлэн, сургалтын агуулга, технологи, менежментийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсэн юм.
Ийнхүү Монголын дээд боловсролыг дэлхийн стандарт, жишигт хүргэх анхны шан татсан үйлийг эхлүүлсэн гавьяатай. 2004 онд гаргасан "Системийн сэтгэлгээ” ном нь ч эрдэмтэн судлаач, эдийн засагч нарын голлох гарын авлага болсоор ирсэн юм. Түүнчлэн НҮБ, түүний системийн байгууллагуудад D-1 зэрэглэлийн өндөр албан тушаалд томилогдсон анхны монгол хүн нь Д.Бадарч доктор юм. ЮНЕСКО-д 15 жил удирдах албан тушаалд ажиллахдаа Монгол төдийгүй Армен, Молдав, Азербайжан зэрэг улсад боловсрол, соёлын шинэчлэлийг манлайлан хэрэгжүүлсэн билээ.
Д.Бадарч дэлхийн 30 гаруй улс орны сургалтын туршлагыг нэгтгэн судалж, мэдээллийн технологийг боловсролын салбарт нэвтрүүлэх асуудлаар төсөл удирдаж, Massive online open course буюу Нийтийг хамарсан нээлттэй онлайн хичээлийн хөтөлбөрийг боловсруулсан нь АНУ-ын Ерөнхийлөгчөөс багш нарын заавал үзэх 50 онлайн хичээлийн жагсаалтад багтсан байна. Д.Бадарч нь Монгол Улсын ШУТИС, ОХУ-ын Уралын Техникийн их сургуулийн хүндэт доктор, АНУ-ын Юта мужийн их сургуулийн хүндэт профессор бөгөөд Японы Тохокугийн их сургууль, АНУ-ын Өмнөд Дакотын уул уурхайн их сургууль, Германы Дармштадтын их сургуулиудад зочин профессороор уригдан ажиллаж байсан билээ. Өдгөө ЮНЕСКО-гийн “Соёл хоорондын харилцаа” хөтөлбөрийн удирдагчаар ажиллаж байгаа бөгөөд “Евро-Арабын харилцаа”, “Бакугийн соёл хоорондын харилцааны форум”, Саудын Арабын төслийн ерөнхий зохицуулагч, “Торгоны замын зураглалын төсөл”-ийн зохицуулагч зэрэг үүрэгт ажлыг гүйцэтгэж буй.