Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломж бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/250 дугаар захирамжийн дагуу дүүргүүдэд газрын зөрчил арилгах, чөлөөлөх ажлыг тодорхой хуваарьтай хийж буй. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар хамтран гүйцэтгэж буй уг ажлыг эсэргүүцэж “Чөлөөлсөн газар дээр нь одоо бас нэг дарга нь “тоглоно”, хэн нэгэнд олгоод ногоон байгууламж, хүүхдийн талбай бус, орон сууцын, үйлчилгээний барилга барих байх” гэж хардах иргэн олон байгаа. Тэгвэл эл ажлын үр дүн зарим газарт нүдэнд харагдахуйц байж, зөвшөөрөлгүй гараашуудын оронд ногоон байгууламж бий болгосонд иргэд ам сайтай байна.
“Зөвшөөрөлгүй барилгууд, сууц өмчлөгчдийн болон нийтийн эзэмшилд халдсан гарааш, өргөтгөлийг буулгаад энэ мэтээр ногоон байгууламж нэмбэл агаарын бохирдолтой тэмцэхэд, нөгөөтээгүүр Ерөнхийлөгчийн “том” амлалтад дөхөм болно” хэмээн Чингэлтэй дүүргийн III хорооны иргэд ярьж байна. Тэр хавьд, тодруулбал, нийслэлийн 24 дүгээр сургуулийн баруун, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд хэсэгт, зам дагуу олон жил зөвшөөрөлгүй байсан 20 гаруй гараашийг буулгаж, оронд нь зүлэгжүүлэн, мод тарьж, хамгаалж хашсаны зэрэгцээ явган хүний өргөн зам тавьсан нь зөв “бүтээл” болжээ. Тэдгээр гараашийг ихэвчлэн агуулахын зориулалтаар ашиглаж байсан бөгөөд авто зам болон явган зорчигч, сурагчдын хөдөлгөөнд багагүй саад учруулдаг байсан, энд тэнд буланд нь хүмүүс шээж бохирдуулах, бөөгнөрч архидах зэрэг хүндрэлтэй байсныг оршин суугчид хэлээд “Сургуулийн орчинд муу нөлөө үзүүлэх дүр зурагтай олон жил явсан” гэж тодотгов. Тэгвэл өдгөө ийм төрхтэй болжээ. Өлгийтэй хүүхдээ салхилуулж байсан нэгэн ээж “Өмнө нь үүгээр салхилах нь битгий хэл явахад ч бэршээлтэй, машинд шүргүүлчих гээд хэцүү байсан” гэж ярьсан юм.
Бэлтгэсэн Э.Хана