“Урбан” иргэдийн форум, “Монгол мөрөөдөл” клуб, “Бодлогод залуусын хяналт” зэрэг төрийн бус хэд хэдэн байгууллага хамтран “Ковидын үеийн Монгол Улс” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан юм. “Ковид-19”-ийг дотоодод алдсанаас хойших нэг жилийн хугацаанд монголчууд ямар замыг туулав, сургамж юу байв, цаашид хэрхэх талаар Засгийн газраас хараат бусаар ярилцъя, санал бодол солилцъё хэмээн зорьж энэхүү арга хэмжээг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт оролцогчид “Ковид эрүүл мэндийн салбарт”, “Ковидын хууль ба хүний эрх”, “Ковидын үеийн боловсрол”, “Ковидын үеийн эдийн засаг” гэсэн дөрвөн сэдвээр ярилцаж, асуултуудад хариулж байлаа. Уг арга хэмжээний үеэр улиг болтол бичсэнээс арай өөр мэдээлэл хайхыг хичээсэн юм.
Монгол Улс өнөөдөр хүртэл “Ковид-19”-д “дарлуулж” буйн шалтгаан нь хэлэлцүүлэгт үг хэлсэн хүмүүсийн олонхын үзэж буйгаар Засгийн газар уг өвчинтэй тэмцэх ажил зохион байгуулах явцдаа анхнаасаа алдаа гаргасан бөгөөд долоон удаа гаргасан шийдвэр нь оновчгүй байсантай холбон тайлбарлав. Алдаа бүрийн золиос нь юуны өмнө иргэд байж. Гадаадад тав хүртэлх сар гацсан 24 мянган иргэдийн төлөөлөл Эрдэнэзул хэмээх бүсгүй юу гэж ярив. Тэрбээр Япон Улсад дээд сургууль төгсөөд эх орондоо ирэх гэтэл онгоцонд суух боломж олдоогүйн улмаас таван сар хүлээсний эцэст нэг мэдэх нь ээ мэргэжлээрээ ажиллая гэх бус, харин иргэдийн дуу хоолойг төр, засагт хүргэх хүсэлтэй хүн болчихсон байж гэнэ. “Засгийн газар олон алдаа гаргасан. Эхлэл нь иргэдээ гадаадад гацаасан явдал байлаа. Хамгийн томоос нь хоёрыг нэрлэвэл тусгай үүргийн нэртэй онгоц, нөгөөх нь 21 ба 14 гэсэн дараалал бүхий 35 хоног тусгаарлах журам байсан. Эдгээрээс болж иргэд эрүүл мэнд, амь нас, сэтгэл санаа, эдийн засгаар ихээхэн хохирсон. Тэр үеэс авлига, улстөржих үйл явц даамжирсан. Засгийн газар тусгаарлах журмыг долоон удаа өөрчлөөд ч нөхцөл байдлыг эерүүлж чадаагүй. Яагаад гэхээр бодлогодоо хүнээ түрүүнд тавиагүйгээс иргэнээ гэсэн журам гаргаж чадаагүй. Япон лугаа хөгжинө гэж ярьдаг. Дуурайх гээд байгаа Япон нь анхнаасаа л гадаадаас очсон иргэдээсээ онгоцны буудалд PCR шинжилгээ аваад, гэрт нь тусгаарлаж байсан. Энэ аргачлалыг Монголд хоёр жилийн дараа хэрэгжүүлж эхэлсэн. Гадаадад хэдэн сар гацсан иргэдийн амьд явах, үзэл бодлоо илэрхийлэх, сонгох, гадаад улс оронд зорчих гэх зэрэг үндсэн эрх зөрчигдсөн. Үүнийхээ төлөө болон хайртай хүмүүсээ алдсан иргэдээсээ уучлалт гуйгаагүй. Үүнд маш их харамсдаг. Эцэст нь хэлэхэд хүнээ нэгт тавьдаг улс хөгждөг юм байна шүү” хэмээн тэрбээр хэлэлцүүлгийн индэр дээрээс хэлсэн юм.
“Ковидын хууль ба хүний эрх” сэдвээр хуульчид, судлаачид санал бодлоо хэлж байснаас шүүрсэн шинэ гэж хэлж болох мэдээлэл нь Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг Хууль тогтоомжийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж гаргасан тухай байлаа. Мөн Засгийн газраас цар тахалтай тэмцэх хүрээнд гаргасан удаа дараагийн тогтоол, журам нь нийтийн эрх ашгийг зөрчсөнийг тогтоож, олон нийтийн эрх ашгийн өмнөөс шүүхэд хандаад буй байгууллагууд ч байгаа аж. “Ковидын үеийн эдийн засаг” сэдвээр мэдээлэл хийсэн судлаачдаас эдийн засгаа одоогийнхоос доройтуулахгүйн тулд яах ёстой талаар асуухад “Нэгдүгээрт, иргэд өөрсдийгөө хамгаалах зуршлаа хэвшил болгох, харин Засгийн газар шийдвэр гаргахдаа өнгөрсөн нэг жилийн хугацааных шиг өнөөдөр нэг юм хэлээд, маргааш нь үгүйсгэх байдлаар хандахгүй байх нь чухал” гэв.
Эрүүл мэндийн асуудал хөндсөн судлаачид, эмч нар өнөөг хүртэл иргэд өвдөхөөс сэргийлэх арга хэмжээ авч ирсэн гэж үзвэл цаашид өвдсөн хүмүүсийг буюу олон улсад нэрлэж буйгаар “Long covid”-той хүмүүсийг хэрхэн илаарьшуулах вэ гэдэг дээр анхаарах болж буй аж. Энэ нь хүмүүст “Ковид-19”-ийн дараа илэрч буй зовууриудад тулгуурлаж, эмчилгээ , үйлчилгээг оновчтой үзүүлэх тухай яриа ажээ. Манай улсад одоогийн байдлаар “Ковид-19”-өөр өвдсөн хүмүүсийн дунд мэдрэл, зүрх, судас, уушгины зовуурь илүүтэй илэрч буй аж.
“Long Covid”-ын талаар тодруулъя. “Ковид-19”-өөр өвдсөн хүмүүс дахин халдварлах уу, хэзээ бол хэмээн “хүлээх” бус, харин нэгэнт өвдсөн тул өвчтэй хэвээр гэж ойлгоод, өөрт ямар зовуурь илэрч байгааг анзааран, мэргэжлийн эмч нарт хандаж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах нь чухал аж. Тэгэхээр уг өвчнөөр нэг удаа өвдсөн бол, “Болчихлоо”, “Юутай ч ээлж гайгүй өнгөрөөлөө” гэж тайвширч болохгүй гэсэн үг юм байна.
“Ковидын үеийн Монгол Улс” хэлэлцүүлгийг зохион байгуулагчид иргэний нийгмийн бусад байгууллагууд, судлаачид энэ мэтчилэн цуглаж ярилцаж байгаасай, дуу хоолойгоо иргэдэд болон Засгийн газарт хүргэдэг байгаасай гэж уриалахын тулд энэхүү арга хэмжээг зохион байгуулжээ.
Тэдний гаргасан гэрэл зураг, тайлбар бүхий “Уулзаагүй” хэмээх үзэсгэлэн анхаарал татаж байлаа. Засгийн газрын оновчгүй бодлогын золиос болсон иргэдийн төлөөллийн өр өвтгөм царай төрх, харц олон үггүйгээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Ковид-19”-тэй холбоотойгоор болж өнгөрсөн үйл явдлуудыг сар, өдрийн дарааллаар хэлж өгч байх шиг.
Бэлтгэсэн Р.Жаргал