Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, “Токио-2020” зуны паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, алтан медаль хүртсэн Э.Содномпилжээ, “Токио-2020” зуны олимпын наадмын 48 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэг нарт өчигдөр Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. Мөн тамирчдаа бэлтгэн дасгалжуулсан Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга, Монголын хүндийн өргөлтийн холбооны ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт Гавьяат дасгалжуулагч, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн их эмч Ш.Болормаад Хүний гавьяат эмч, Х.Баттуулд Гавьяат тамирчин цол олгов.
Мөн энэ өдөр орчин цагийн боловсролын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Төрийн тэргүүн зарлиг гарган, нэр бүхий хүмүүст Ардын багш, Гавьяат багш цол хүртээснээ өчигдөр гардууллаа. Ардын багш цолыг ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн Дээд боловсролын судалгааны лабораторийн эрхлэгч, Гавьяат багш, доктор, профессор Д.Бадарч, МУБИС-ийн Боловсролын суурь судалгааны төвийн эрхлэгч, Гавьяат багш, академич Б.Жадамбаа, “Их засаг” их сургуулийн ректор, Гавьяат багш, доктор, профессор Н.Ням-Осор, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн ахмад багш, Гавьяат багш Ж.Нямжав нар хүртлээ. Үүнээс гадна Монголын ахмадын багш нарын холбооны тэргүүн, Гавьяат багш Д.Амар, “Токио-2020” зуны олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Саиед Моллай, “Токио-2020” зуны олимпын наадмын хүрэл медальт Б.Болортуяа, “Токио-2020” зуны олимпын наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар нарыг Сүхбаатарын одонгоор шагнав.
Гавьяат багш цолоор Архангай аймгийн Боловсролын газрын дарга асан, ахмад багш С.Лхамжав, Увс аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Д.Алтанхүү, Төв аймгийн “Эрдэнэ” МСҮТ-ийн захирал асан Ц.Батаа, МУИС-ийн ректор асан, Гэгээрлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Бат-Эрдэнэ, нийслэлийн ерөнхий боловсролын I сургуулийн багш З.Бат-Эрдэнэ, “Голомт” цогцолбор сургуулийн ахмад багш П.Ганболд, 122 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Мандалсүрэн, “Сант” сургуулийн багш Д.Ганчимэг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсролын I сургуулийн ахмад багш Ш.Борчулуун, “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн” ХХК-ийн ерөнхийлөгч Ж.Галбадрах, Говь-Алтай аймгийн Дарви сумын дунд сургуулийн ахмад багш А.Должмаа, Өмнөговь аймгийн МСҮТ-ийн төвийн захирал асан Ж.Нямсан, Өвөрхангай аймгийн Боловсрол, соёлын газрын ахмад арга зүйч Д.Отгонбаяр, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын II сургуулийн ахмад багш Ш.Хоролсүрэн, ШУТИС-ийн тэргүүлэх профессор Ж.Цэвэгмид, Хэнтий аймгийн Биндэр сумын ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Г.Цэгмид, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн ахмад багш Г.Цэдэндамба нар хүртсэн юм.
Түүнчлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн дарга А.Цолмон, Боловсролын хүрээлэнгийн дэд захирал Р.Нямцэрэн, Алтан гадас одонгоор нийслэлийн ерөнхий боловсролын II сургуулийн багш С.Эрдэнэтуяа, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйч Ч.Гажиддулам, үндэсний шигшээ багийн тамирчин, пара жүдо бөхийн тамирчин Н.Алтанцэцэг, хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Батзаяа, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч З.Буяннэмэх, Паралимпын шигшээ багийн бодлогын хэрэгжилт хариуцлсан мэргэжилтэн С.Чинбат, Боксын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Чинзориг, үндэсний шигшээ багийн тамирчин, Пара таеквондогийн холбооны тамирчин Х.Энхтуяа нарыг шагналаа.
Алтан гадас одонгоор үндэсний шигшээ багийн Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Пауэрлифтингийн холбооны туслах дасгалжуулагч Г.Ган-Эрдэнэ, ширээний теннисний үндэсний шигшээ багийн тамирчин Э.Лхагвасүрэн, “Токио-2020” паралимпын наадмын жүдо бөхийн 66 кг-ын жингийн долдугаар байрын шагналт А.Мөнхбат, пауэрлифтингийн тамирчин О.Мөнхбат, хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа, хүндийн өргөлтийн олон улсын шүүгч Л.Одгэрэл, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий менежер Б.Энхбаяр, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн захирал Б.Эрдэнэваанчиг, Хөдөлмөрийн хүндэт медалиар ширээний теннисний шигшээ багийн тамирчин Б.Болор-Эрдэнэ, сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Б.Солонго, О.Хулан, М.Цэрэнлхам, Э.Чимэддолгор, пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгэ, үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны паралимпын наадмын жүдо бөхийн долоодугаар байрын шагналт С.Ядамдорж нарыг шагналаа.
Бэлтгэсэн У.Наран