УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрөгч Мягмар гарагийн хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Энэ үеэр Монгол Улсын түүхтэй холбоотой архивын бичиг баримтыг гадаад улсад гаргасан асуудлыг хөндөв.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Сүүлийн нэг жилийн гаруйн хугацаанд түүхчид 1725-1911 он хүртэлх Монгол Улсын 200 орчим жилийн түүхэнд хамаарах Хүрээ сайдын хөмрөг гэдэг архивын бичиг баримтыг БНХАУ-ын талд зарсан. Тэр нь хэвлэгдээд ном болоод гарсан. Ингэхдээ АНУ-ын Конгрессын номын санд хятадын орон нутгийн түүх гэсэн ангилалд багтаж байна. Өөрөө хэлбэл, Хүрээг хятадын хошуу гэдэг байдлаар гуйвуулан буулгаад дэлхийд сурталчилж байгаа асуудал юм.
Тэгэхээр Монголын 1725-1911 он хүртэлх архив нь нээлттэй мэдээлэл юм уу, хаалттай юу. Хэн дуртай нь аваад, энд тэнд хэвлүүлээд явж болох уу. Энэ асуудал ямар хуулиар зохицуулагдах вэ.
Уг нь Нийтийн мэдээллийн тухай хуулиар дээр дурдсан архивын материал хаалттай мэдээлэлд багтах юм байна. Нээлттэй мэдээлэл бол энэ хуулиар хариуцлага тооцогдоно, хаалттай мэдээлэлд багтаж байгаа бол өөр хуулиар асуудлыг шийдэх нь гэж ойлголоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Чин гүрний үед хамаарах архивын ховор бичиг баримтыг гадаад улсад зарсан асуудалд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Холбогдох албан тушаалтныг өнгөрсөн долоо хоногт яллагдагчаар татсан. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Байнгын хорооны гишүүд дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл Соёлын эсрэг ямар ямар гэмт хэрэг үйлдсэн талаарх тодорхой танилцуулгыг хийж болно.