Нэн ховор болон ховор амьтны жагсаалтад орсон амьтдыг хулгайгаар агнаж, эд эрхтнийг нь борлуулахыг завдсан хүмүүсийг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны ажилтнууд илрүүлэн шалгаж байна. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатар хотын харьяат хоёр иргэн Сүхбаатар дүүргийн VII хорооны нутагт “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийнхээ тээшинд хүрэн баавгайн дөрвөн савар, халиун бугын цусан эвэр хоёр ширхэг, чив, сүүлийг нь тээвэрлэж явсныг цагдаагийнхан илрүүлэн мөрдөн шалгаж дуусаад удахгүй шүүхэд шилжүүлэхээр болжээ. Мөн Увс аймгийн Ховд сумын нутаг, Бураатын халх гэх газарт аравдугаар сард янгирын хоёр тэх агнасан хулгайн анчдыг ч олж тогтоов. Тус аймгийн Өмнөговь сумын харьяат хоёр иргэн үүнийг үйлдсэн бөгөөд хэргийн газраас олдсон эд мөрийн баримтууд хулгайн анчдынх болох нь ч батлагдсан байна. Тэднээс Чех улсад үйлдвэрлэсэн карбин бууг хураан авч Эрүүгийн хуулийн 24.5-1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэв. Ховор амьтны жагсаалтад багтсан янгирын экологи-эдийн засгийн үнэлгээг 2.7 сая төгрөгөөр тогтоосон байдаг бөгөөд Увс аймгийн харьяат хоёр хүн хүрээлэн буй орчинд нийт 5.4 сая төгрөгийн хохирол учруулсан нь шинжээчдийн дүгнэлтээр батлагдсан аж. Шүүхээр тэдний гэм буруутайг тогтоовол уг хохирлыг 2-3 дахин нугалж төлүүлэх хууль үйлчилж буй билээ.
Эрүүгийн хуульд Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.
Бэлтгэсэн Г.Орчлон