Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар 2022 оны зургадугаар сарын 30-ны дотор системийн нөлөө бүхий банкуудыг нээлттэй, эсвэл хаалттай хувьцаат компани болох үүрэг өгсөн. Үүний дагуу банкны системд нөлөө бүхийд тооцогдохгүй ч нээлттэй хувьцаат компани болох хүсэлтээ “Богд банк”-наас гаргажээ. Улмаар Санхүүгийн зохицуулах хорооноос энгийн хувьцаагаа нийтэд санал болгохыг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр өчигдөр шийдвэрлэсэн байна. Дээрх банк нь нийт хувьцааныхаа 20 хувийг буюу 12 500 000 ширхэг үнэт цаасыг нэг бүрийг нь 2540 төгрөгөөр үнэлэн борлуулах нь. Үүнийхээ 70 хувийг статегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэнийг нь олон нийтэд санал болгох аж. Ингэснээр 31.7 тэрбум гаруй төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Ташрамд дурдахад, банкууд хувьцаат компани болсноор хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөн, хөрвөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо нэмэгдэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжирна хэмээн тооцож буй бөгөөд олон нийтийн компани болох хүсэлт ирүүлсэн анхны банк нь “Богд” болов.
Бэлтгэсэн С.Дулам